+ «Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын карт»   Leave a comment

 

ОРОН НУТАГ, ГАЗРЫН НЭР, БАЙРШИЛ

Туул голын Улаанбаатар хотын урдуур Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл урсдаг хэсэг



 

ТОВЧ ТОДОРХОЙЛОЛТ

Туул гол Баянзүрхийн гүүрнээс Яармагын гүүрний хооронд барагцаагаар 16 км байна. Энэ хэсэг юм. Туул голын хувьд хамгийн их суурьшилтай буюу суурьшлийн бүсэд ойр хэсэг юм.  Далайн түвшнээс 1300 метр өргөгдсөн.

Засаг захиргааны хувьд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11-р хороо ба Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр хамаарна.



 

ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

«Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай» нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4-р сарын 5-ны өдрийн 50 тоот тогтоолоор Туул голын, түүний дотор Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон болно. Үүнд,

  1. Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн зураг, түүний эргэлтийн цэгийн солбицолын жагсаалт
  2. Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн зураг, түүний эргэлтийн цэгийн солбицолын жагсаалт
  3. Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн зураг, түүний Эргэлтийн цэгийн солбицолын жагсаалт
  4. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн зураг, түүний эргэлтийн цэгийн солбицолын жагсаалт
  5. Газрын доорх усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн зураг, түүний эргэлтийн цэгийн солбицолын жагсаалт

Хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох болсон шалтгаан, өмнөх бүсээс ямар ялгаатай буюу хаагуур  нэмж хасагдсан талаархи тодорхой мэдээлэл алга байна.



 

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Туул голын хувьд хамгийн их суурьшилтай буюу түүнд ойрхон хэсэг юм.

Гэтэл түүний хамгаалалтын бүс маш их бохирдож буйгаас гадна маш олон барилга байгууламж баригдсан буюу баригдаж байна Энэ нь Усны тухай хууль болон БОНХАЖ-ын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан «Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам» хамгийн ноцтойгоор зөрчигдөж байгаа юм.

Байгаль орчин, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Туул голын сав газрын хамгаалалтын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон нийслэл, Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагын эрх мэдэл, үүрэг бүхий албан тушаалтан, хариуцсан мэргэжилтнүүдийн нүдэнд дээр ийм болж байна.



 

АМРАЛТ, ЗУГААЛГЫН БҮС БАЙГУУЛАХ АСУУДАЛ

Нийслэл Улаанбаатар хотын 1,3 сая оршин суугчийн хувьд голын эрэг дагуу салхилж амрах, бас усанд орох хэрэгцээ асар их болсон юм. Гэтэл ийм зориулалтын тохижуулсан бүс, наран шарлагын газар болон дагалдах үйлчилгээ газрууд үндсэндээ алга байна.

Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2013 оны 10-р сарын 15-ны өдрийн А/942 тоот захирамжаар баталсан 18 байршилд өнгөрсөн 5 жилийн хугацаанд юу хийгдсэн бэ?

Эдгээр газрыг эзэмших эрх олгогдсон Захирагчийн Ажлын албатай (Дарга Б.Бадрал) холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт (Дарга Ш.Төмөрбаатар)-т даалгасан байдаг.

1. Дунд гол- 1 Алтай хотхоны баруун урд талын байршил-1.4 га
2. Дунд гол-2 Энхтайваны гүүрнээс Нарны гүүр хүртэлх Дунд гол дагуух байршил- 7.5 га
3. Дунд гол- 3 Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талын байршил- 18.5 га
4. Дунд гол- 4 Дүнжингарав хотхоны хойд талын байршил- 4 га
5. Туул гол- 5 Сонсголонгийн гүүрний баруун талын байршил- 6 га
6. Туул гол-6 Сонсголонгийн гүүрний зүүн талд Туул голын урд талын байршил- 4.5 га
7. Туул гол-7 Сонсголонгийн гүүрний зүүн талд Туул голын хойд талын байршил- 17 га
8. Туул гол- 8 Мишээл экспо худалдааны төвийн урд талын байршил- 4 га
9. Туул гол- ХААИС-ын баруун талын байршил- 6.2 га
10. Туул гол- 10 Зайсан толгойн зүүн талын байршил- 5га
11. Туул гол- 11 Маршлын гүүрний баруун талын байршил- 1 га
12. Туул гол- 12 Маршлын гүүрний зүүн талын байршил- 7 га
13. Туул гол- 13 Их тэнгэрийн амны зүүн хойд талын байршил- 5 га
14. Туул гол- 14 Их тэнгэрийн амны зүүн хойд талын байршил- 7 га
15. Туул гол-15 Хорчин булан ХХК-ний баруун талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 6 га
16. Туул гол-16 Скай резортын баруун талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 9.5 га
17. Туул гол-17 Скай резортын гольфын талбайн хойд талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 0.6 га
18. Туул гол-18 Баянзүрх гүүрний баруун урд талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 12 га.

Амралт зугаалгын бүсийн байршил 

Нэгэн байршил дахь амралт зугаалгын бүсийн загвар зураг 

2018 оны байдлаар энэ тогтоолыг хүчингүй болгоогүй тул одоогийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр үргэлжлүүлэн хэрэгжүүлж Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан нар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.



 

ТУУЛ ГОЛЫН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙН АСУУДЛААР ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЛБАН ТУШААЛТНУУД

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдууд:

2008 оны 9-р сараас 2012 оны 1-р сард Л.Гансүх (УИХ-ын гишүүн асан)

2012 оны 1-р сараас 8-р сард Д.Цогтбаатар (УИХ-ын гишүүн)

2012 оны 8-р сар – 2014 оны 12-р сард С.Оюун (УИХ-ын гишүүн асан)

2014 оны 12-р сар – 2015 оны 9 сард Д.Оюунхорол (УИХ-ын гишүүн)

2015 оны 9-р сар – 2016 оны 7-р сард Н.Батцэрэг (УИХ-ын гишүүн асан)

2016 оны 7-р сар – 2017 оны 10-р сард Д.Оюунхорол (УИХ-ын гишүүн)

2017 оны 10-р сараас Н.Цэрэнбат (УИХ-ын гишүүн)

Туул голын хамгаалалтын захиргааны дарга:

2012-2016 онд Г.Долгорсүрэн

2016 оноос Я.Болдбаатар

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга:

Ширэндэв

2017 оны 4-р сараас Ц.Дуламсүрэн

Нийслэлийн Засаг даргын байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч:

2016 оны 7-р сараас Ж.Батбаясгалан

Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга:

2016 оны 7-р сараас Э.Баттулга

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга:

2012 оны 7-р сар хүртэл Л.Бямбасүрэн

2012 оны 7-р сар – 12-р сард Г.Баярсайхан

2012 оны 12-р – 2014 оны 4-р сард М.Ням-Очир

2014 оны 4-р сараас Л.Эрдэнэсүрэн



 

ЭНД БАРИГДСАН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БА СУУРЬШЛЫН БҮС

Баянзүрхийн гүүрнээс доошхи 1 км -ээс эхлэн хагас километр үргэлжилсэн амины орон сууцны хотхон.

Эхний байшингийн байршил – N47 53 24.26 E107 03 06.875.  Голын онцгой хамгаалалтын бүсийг давсан байна. Хэзээ хэн ямар шийдвэрээр зөвшөөрөл олгосон, газрын эзэмшил ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, мэргэжлийн хяналт шалгалт хийгдсэн эсэх нь тодорхойгүй байна.


 

 «Их Тэнгэр» club house хэмээх байгуулам. Их тэнгэрийн амны зүүн хойно, Туулын эрэг дээр. 

Байршил: N47 53 4.5468 E106 57 1.396.

Эзэмшлийн мэдээлэл тодорхойгүй.


 

Их тэнгэрийн амны эсрэг талд Туул голын хамгаалалтын бүсэд баригдаж байгаа цуварсан барилгууд.

Байршил: N47 53 3.605  E106 56 43.223.

Албан ёсны эх сурвалжийн мэдээллээс үзэхэд, уг барилгын захиалагч нь «Зүүнбаян рефайнери» компани юм. Энэ нь нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы эзэмшил, оролцоотой компани юм.
2008 онд тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар энэ газрыг олгожээ. Барилгын ажил 2016 онд эхэлсэн ба Туул голын хамгаалалтын бүсэд багтаж байгаа болон бургасыг хайр найргүй тасчиж, газрыг нь ухаж байгааг олон нийт, хэвлэл мэдээллийн зүгээс байнга шүүмжилж ирсэн юм. Иймээс БОАЖЯ-наас 2016 онд шалгалт явуулж 2017 оны 6-р сарын 20-нд сайд байсан Д.Оюунхоролын тушаалаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан боловч тус компани шүүхээр заргалдах зуураа ажлаа үргэлжлүүлсээр, одоо зарим барилгын хоёрдугаар давхар баригдаж байна.

2018 оны 4-р сарын 10-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд сэтгүүлчдийг дагуулан очиж барилгын талбай руу орсон боловч захиалагч компанийн удирдлагыг олж уулзаж чадаагүй ба нэгэн ажилтантай утсаар ярихад “Та нар эргэн тойронд байгаа бусад хууль бус барилгуудыг буулгачихаад надтай ярь” гэсэн хариулт өгчээ.

«Зүүнбаян рефайнери» компани зөвхөн газрын зөвшөөрөлтэй ч барилгын ажлын болоод бусад зөвшөөрөлгүй хэрнээ энэ барилгыг барьж байна.


 

Сүүлийн хэдэн жилийн турш үүссэн ямар нэгэн зохион байгуулалтгүй амралтын бүс.

Байршил: N47 53 9.258  E106 56 14.3208. Ганц нэг самбар босгосноос хэтрээгүй.



 

ТУУЛ ГОЛЫН ЭНЭ ХЭСЭГТ ХАМААРАХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧОО

2018.03.15. 

Туул голын хамгаалалтын бүсэд барьж байгаа барилгын талаар SBM телевизийн сэтгүүлчийн асуултанд  үүрэг хүлээсэн гурван албан тушаалтан юу ярив?

Ц.Цэнгэл (БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга)


-Уултай ойрхон газар байгаа энэ газар олголтын асуудлыг бол бид бүхэн бол хянаж шалгаж үнэхээр одоо зөвшөөрөлтэй юу, үгүй юу гэдгийг одоо бас хянаж албан үүрэг өгч захирамж гаргаж одоо нүүлгэхийг нь нүүлгэж, байгаа улсуудтай нь бол одоо гэрээ хэлцэл хийж чөлөөлөх асуудлыг бол бид бүхэн бол яригдаад албан бичгүүд хүргүүлсэн байгаа.

Ч.Батсансар (Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын дарга)


– Та нар сая асуудал хөндөөд байна л даа. Юм эзэнтэй … эзэнгүй байхаараа бүр долоон дор байдаг ш дээ, ер нь бол та бүхэн мэдэж байгаа ш дээ. Эзэнгүй байхаараа дуртай хүн очиж бааж шээнэ. дуртай хүн очиж хогоо хаяна. Дээр нь одоо энэ урин дулаан цаг болж байна, бүх ажилгүй орон гэргүй хүмүүс улсууд … байрлачихдаг. Тэр бол энийг бол зохион байгуулалттай …. харин нэгдсэн зураг төслөөр стандартад нийцүүлээд эзэнтэй болгож өгөх ёстой. Юм эзэнтэй байж байж л хамгаалалт сайн болно ш дээ.

Я.Болдбаатар (Туул голын сав газрын захиргааны дарга)


-Яг энэ хамгаалалтын бүс дотор орсон газруудын анхнаасаа өгсөн хугацаа дууссан бол тэрийг дахиж сунгахгүй гэдэг юм уу. гэсэн хэдий хэдий тодорхой хэмжээгээр зөрчигдсөөр … энэн дээр тодорхой хэлэлцүүлэг юман дээр …. хамгаалалтын бүс рүү ороод тодорхой хэмжээний үндсэн хөрөнгө барилга байшинг барьсан байдаг юм уу тийм нөхцалд экологийн юмуу онцгой албан татвар ногдуулья гэдэг ч юмуу тийм санал санаачлагууд нэлээн явж байна. Энийг бид хууль журмандаа оруулж ажиллах шаардлагатай.

(Эх сурвалж: “Туул голын сав газар бүгд эзэнтэй болжээ” сурвалжлага. SBN телевиз)


2018.03.29.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын 2018 оны 3-р сарын 29-ны тушаалаар Туул голын сав газарт хууль зөрчсөн 28 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Үүний дараа компаниуд шүүхэд хандсанаар уг шийдвэр хэрэгжихгүй байна. Гэхдээ энэ асуудлаар өргөтгсөн ажлын хэсэг байгуулж үргэлжлүүлэн ажиллаж байна гэж Н.Цэрэнбат сайд 2018.04.20-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгджээ.


2018.04.10.

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгийг дүгнэж УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Туул голын бохирдлын асуудлаар Өргөдлийн байнгын хорооны хуралдааныг зургадугаар сарын эхний долоо хоногт хийхээр товлож байгааг мэдэгдээд, Туул голын дагуу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж, Улаанбаатар хотын иргэдийн амралт, зугаалга, аялал жуулчлалын ногоон бүс байгуулах ажлыг зураг, төсөв, стандартад нийцүүлэн байгуулах ажлын төсөв, төлөвлөгөөтэй орж ирэхийг санууллаа. Мөн Туул голын эрэг орчмын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл олгосон буруутай этгээдийг тогтоож, АТГ-т хүргүүлэн шалгуулах ажлыг Өргөдлийн байнгын хорооноос хийх болно гэдгээ мэдэгдэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан тавдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд үүрэг болгосон байна.

Уг хэлэлцүүлгийн тухай нэвтрүүлэгт орсон дараах зураг чухал боловч зарим талаар ойлгомжгүй, тэдгээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэрс тодорхой биш байна.


 

2018 оны 4-р сарын 25.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Сүхбатын боловсруулсан “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар төслийг хэлэлцэн дэмжлээ.

Иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрүүд өдөрт 190 мянган м.куб усыг ундны болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна. Туул гол зөвхөн хур борооны усаар тэжээгддэг бөгөөд хүн ам өсч, бүтээн байгуулалт, барилгажилт нэмэгдэх хэрээр гольдрил дагуух байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх нь алдагдаж, цэвэр усны нөөц хомсдох, шавхагдах аюул ойрхон гэсэн судалгааг  эрдэмтэд хийжээ.

Advertisements

Posted 2018/02/ by baigaliorchin

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: