+ Их тэнгэрийн амны хойно, Туул голын эрэг дээр баригдаж байгаа, “Зүүнбаян Рефайнери” компанийн 50 айлын таун хаус   Leave a comment

Асуудал

Богдхан уулын Их тэнгэрийн амны хойно, Туул голын эрэг дээр 2006 онд “Зүүнбаян рефайнери” ХХК 2006 онд аялал жуулчлалын бааз байгуулахаар газрын зөвшөөрөл аваад Монгол Улсын байгаль орчны холбогдолтой болон бусад олон тооны хууль тогтоомжийг зөрчин голын эрэгт тулган 50 айлын таун хаус-ийн хотхон байгуулж эхэлсэн тул 2017 онд газрын зөвшөөрлийг цуцалсан боловч хэдий ч тус компани барилгын ажлаа үргэжлүүлсээр байна.

Энэ бол давхар хамгаалалттай газар юм. Учир нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах тул Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар зөвхөн “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”-ыг зөвшөөрдөг ба өөр барилга байгууламж барихыг хориглодог. Нөгөө талаар Туул голын онцгой ба энгийн хамгаалалтын бүсэд хамаардаг тул Усны тухай хуулиар усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайтай онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барихыг, 200 метрээс доошгүй зайтай  энгийн хамгаалалтын бүсэд “зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглосон” байдаг.

Холбогдох шийдвэрийг гаргасан албан тушаалтнууд

Байгаль орчны сайд У.Барсболд, Г.Шийлэгдамба, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, Т.Эрдэнэчимэг, Ч.Батсансар, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар. Мөн Улаанбаатар хотын Засаг дарга Су.Батболд, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах эрх мэдлийнхээ хүрээнд гаргах ёстой шийдвэрийг гаргаагүй.

Компанийн тухай

“Зүүнбаян рефайнери” компани нь 2006 онд зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан.

Улсын бүртгэлийн дугаар – 9011041039, регистрийн дугаар –  2637634. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 120 мянгат дахь “Пийс бридж” зочид буудлын байранд байрладаг, 343128, 341894. дугаарын утастай гэж бүртгүүлсэн. Тус компани 2006, 2007 онд ААНБ-ын тооллогод хамрагдаж байжээ.

Компанийн захирал У.Ундармаа, дараа нь У.Уламбаяр нар юм.

У.Уламбаяр болон “Оюуны ундраа групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Отгонбаяр (УИХ-ын гишүүн байсан), С.Амарсайхан (Ерөнхий захирал байсан, одоо нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга) нар ах дүүс юм байна. Гэхдээ “Зүүнбаян рефайнери” ХХК нь “Оюуны ундраа групп” компанийн бүрэлдэхүүнд багтдаг эсэх нь тухай мэдээлэл албан ёсны сайтад (ougroup.mn) байхгүй.


 

2005 он

Уг байршилд “Зүүнбаян рефайнери” ХХК-д газрын гэрчилгээ олгохдоо Байгаль орчны сайд У.Барсболдын 2005 оны 244-р тушаал, түүний хавсралтыг үндэслэн хэмээн дурдсан байдаг. Гэхдээ энэ тушаалын агуулга тодорхойгүй бөгөөд олдохгүй байна.

2006 оны 4-р сарын 4.

“Зүүнбаян рефайнери” ХХК нь 2006.04.04-ны өдөр  аялал жуулчлал, зочид буудлын чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. Үүнээс хойш хоёр жилийн хугацаанд уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.

2008 оны 8-р сарын 8.  

Байгаль орчны сайд У.Барсболдын 2005 оны 244-р тушаал буюу түүний хавсралтыг үндэслэн 2008.08.08-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Бага тэнгэрийн ам нэртэй газрын 4.0 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглахыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулинд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрсөн 743 тоот гэрчилгээг улсын бүртгэлийн 9011041039, регистрийн  2637634 дугаартай “Зүүн баян рефайнери” компанид таван жилийн хугацаагаар олгож Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай гарын үсгээ зуржээ. Зориулалт нь анх авсан үеийнхээрээ буюу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн нь хэвээрээ байв.

2008 оны 8-р сарын 22. 

Байгаль орчны сайд Г.Г.Шийлэгдамбын 2008.08.22-ны 283 тоот тушаалаар (9 дэх хэсэг) Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Богдхан уулын Их тэнгэрийн амны эсрэг талд, Туул голын эрэг дээр 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг “Зүүнбаян рефайнери” компанид олгосон бас нэг тухай мэдээлэл байна. Огноо нь зөрж байгаа дээрх хоёр газар олголтын тухай мэдээллээс үзэхэд, анх Бага тэнгэрийн аманд зөвшөөрөл авсан байж магадгүй. Учир нь одоогийн байршлыг тэнд хамааруулах боломжгүй юм.

Ямар ч байсан “Их тэнгэр” аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл боловсруулж аялал жуулчлалын баазын үйл ажиллагаа явуулахаар тусгаж зөвшөөрөл авсан байна.

Энэхүү төслийн байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг “Газар эко” ХХК (захирал Б.Эрдэнэтүвшин) хийж төсөл хэрэгжүүлэгч “Зүүбаян рефайнери” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Ундармаа, Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга  Л.Төмөрхүү нар гарын үсэг зурсан ба БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсээс баталжээ.

Уг нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчны мэдээллийн сангийн холбогдох цэсэнд байршуулаагүй байна. Мөн “Газар-Эко” ХХК-ийн мэдээлэл олдохгүй байна.

2008 оны 8-р сарын 25

Уг газрыг ашиглах гурвалсан гэрээг тус компаний захирал С.Уламбаяр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Төмөрхүү, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга нар байгуулжээ.

2010 оны 7-р сарын 8.

Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 20106.07.08-ны өдрийн 208 тоот албан бичгээр “Зүүнбаян Рефайнери” компанид хандаж, төслийг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, батлагдсан зураг төсөл, мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсныхаа дараа ажлаа эхлүүлэхийг анхааруулсан байдаг.

2013 оны 8-р сар.

“Зүүнбаян Рефайнери” компанид уг газарт ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй байсаар газар ашиглах гэрчилгээний хүчинтэй хугацаа 2013 оны 8-р сард дууссан байна.

2014 оны 4-р сарын 23.

Гэтэл “Зүүнбаян рейфайнери” ХХК-ийн хүчингүй болсон 743 тоот гэрчилгээг 2014.04.23-ны өдөр БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг 5 жилээр сунгав. Сунгаад зогсохгүй, тус компанийн ашиглалтын талбайг голын усны хамгаалалтын бүсээс гаргах нэрээр талбайн солбицлын булангийн анхны байсан 7 цэгийг холбогдох тушаалгүйгээр 17 болгон өөрчилж баталгаажуулсан байна. Газрын хэмжээ анх 4 га байсан бол 6 га болж нэмэгдсэн.

Бас өөрчлөгдсөн солбицол бүхий газар ашиглах гэрчилгээ, гурвалсан гэрээг Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанд ирүүлээгүйгээс мэдээллийн зөрүүтэй байдал бий болж хяналт тавихад түвэгтэй болов.

Энэ үед Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас тус компанийг үйл ажиллагаанд мөрдөх стандартуудыг дагахыг сануулж, ‘Урт нэртэй хууль’-ийн дагуу хамгаалалтын бүсээс 200 м-ээс дотогш нэвтрэхгүй байхыг тусгайлан анхааруулж байв.

2014 оны зун.

Барагцаалбал энэ үеэс “Зүүнбаян рейфайнери” ХХК уг газрыг хашаалж зөөврийн сууц байрлуулан бетон зуурмагын цамхаг барьж Туул голын урд эргийн дагуух бургасыг огтолж эхэлсэн байна.

Ийм учраас Туул голын сав газрын захиргаанаас хэд хэдэн удаа шалгаж байцаагчийн дүгнэлт гарган албан шаардлага тавьж байсан ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх зургадугаар хэлтсийнхэнд албан бичиг хүргүүлэн мэдээлж байжээ.

Гэвч ямар нэгэн тодорхой арга хэмжээ аваагүй.

2014 оны 5-р сарын 29.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тухайн газарт дахин шалгалт хийж бургас мод сүйтгэсэн зөрчилд 6,560 сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулж төлүүлжээ. Гэхдээ Хууль бус үйл ажиллагааг зогсоох, зөвшөөрлийг цуцлах талаар БОАЖЯ-ны зүгээс нямар нэгэн арга хэмжээ аваагүй. Сайдаар УИХ-ын гишүүн С.Оюун ажиллаж байжээ.

2015 оны зун.

Туул голын сав газрын захиргаанаас Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх зургадугаар хэлтсийн мөрдөн байцаагчидтай хамт барилгын талбай дээр очиж албан шаардлага тавьж байсан мэдээлэл бий.

2016 оны 4-р сарын 5-нд

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50-р тогтоол гарч, энэ тогтоолоор онцгой хамгаалалтын бүсийг “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын урдуур (өөрөөр хэлбэл хамгаалалтын бүсэд орж) байсныг араар болгож өөрчилсөн тухай мэдээлэл байна.

2016 оны зун.  

Уг талбайд бетон зуурмагийн тоног төхөөрөмжnau ажиллуулж, үлдсэн бургасыг үргэлжлүүлэн огтолж байлаа.

2016 оны 9-р сарын 19. 

Тухайн газарт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2016.09.19-ны өдөр дахин шалгалт хийж бетон зуурмагийн тоног төхөөрөмжийг нүүлгэх албан шаардлага хүргүүлсэн байна. Гэтэл компанийн зүгээс уг шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн агуулгатай хариулт өгчээ.

2017 оны 2-р сарын 23. 

“Зүүн баян рефайнери” ХХК-иас 2017.02.09-нд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт гаргасны дагуу тус газар Аялал жуулчлалын цогцолборын архитекур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж 2017.02.23-нд Ерөнхий архитектор Э.Анар баталжээ.

2017 оны 5-р сарын 1.

Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн байгаль орчны газар хамтран “Зүүнбаян рейфайнери” компанийн огтолсон бургас модны экологи, эдийн засгийн үнэлгээ хийсний үндсэн дээр 2017.05.01-нд тус компанид 12,3 сая төгрөгийн торгуулийг Байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулжээ. Торгуулийг төлүүлсэн.

2017 оны 5-р сарын 23

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэл хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар “Их тэнгэр аялал жуулчлалын цогцолбор” эскиз зураг төслийг “Их тэнгэр вилла” нэртэй гурван давхар 50 айлын таун хаусын эскиз зураг төсөл болгон баталжээ.

Хожим үүнийгээ Э.Анар БОАЖЯ-наас ирүүлсэн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг үндэслэсэн” гэж тайлбарлав. Мөн тус газрын архитектор Э.Мөнх-Эрдэнэ “Аялал жуулчлалын зориулалттай барилга барих хүсэлт өгснийг хүлээн аваад, холбогдох материалуудыг шалгаад 2017.02.21-н мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд дэмжигдэж архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон. Төлөвлөгдсөн барилга байгууламжийн загвар зураг батлагдсан…

-Ямар эскиз зураг харагдаж байсан бэ?

-Архитектур,төлөвлөлтийн даалгаврын дагуу 1-3 давхар, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд заасан шаардлага хангуулсан гэсэн үг… Сайн санахгүй байна. Нарийвчилсан үнэлгээн дээр зориулалтаа мэдээж тусгасан байгаа, ямар нэгэн төсөл дээр хийлгэсэн байсныг санахгүй байна” хэмээн сурвалжлагчид хариулжээ.

Энэхүү зураг төслийг БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ж.Батсансар зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

2017 оны 5-р сарын 30.

Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас 2017.05.30-нд 449 тоот албан шаардлагыг “Зүүнбаян рефайнери” ХХК-д хүргүүлжээ. Албан тоотод тус компанийг газрын төлбөр төлөөгүй, дархан цаазат газрын дэглэмээс зөрж бургас огтолсон, гэрээнд заасан нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн тул газар ашиглах эрхийг цуцлах нөхцөл үүссэнийг анхааруулж, холбогдох бичиг баримтыг БОАЖЯ, ТХНУГ, Хамгаалалтын захиргаанд авчрахыг үүрэг болгосон байв.

“Зүүнбаян рефайнери” компаниас хариу ирүүлээгүй тул зургаадугаар сарын 19-ний хурлаар газар ашиглах эрхийг цуцлахаар шийдвэрлэв.

2017 оны 6-р сарын 20.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2017 оны 6-р сарын 20-ны А/177 тоот тушаалаар Байгаль орчны сайдын  2008.08.22-ны өдрийн 283 тоот тушаалын 9 дэх хэсэг, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Их тэнгэрийн (?) аманд аялал жуулчлалын зориулалтаар 4.0 га газарт үйл ажиллагаа явуулах эрх авсан “Зүүнбаян рефайнери” ХХК нь анх авсан 4 га газрын талбайн хэмжээг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан, тухайн орчны төлөв байдал, байгалын унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг ноцтой зөрчсөн тул газар ашиглах эрхийг дуусгавар болгож, уг аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг цуцлав.

2017 оны 6-р сарын 21.

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал хэвлэлийн хурал хийж дээрх тушаалыг танилцуулав.

2017 оны 6-р сарын 22.

“Зүүнбаян рефайнери” компаниас “БОАЖЯ-д шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг ирүүлжээ.

Уг албан бичигт, өөрсдийнх нь ашиглаж буй газрын хөрс ус ихтэй учраас бургас хядсан, үүний төлбөр болгож 2014-2017 онд нийт 15.9 сая төгрөг төлсөн, барилга барих газрынх нь 60 хувь ногоон байгууламжаас бүрдсэн тул асар их мөнгө зарцуулж байгаа, газрын төлбөрийг төлж барагдуулсан зэргээ дурдаад газар ашиглах эрхийг даруй сэргээхийг шаардаж, захирал С.Уламбаяр гарын үсгээ зурсан байна.

2017 оны 6-р сарын 24.

“Зүүнбаян рефайнери” ХХК голын онцгой хамгаалалтын бүс эргээс 50 метр, энгийн хамгаалалтын бүс нь 200 метрт байдаг атал “Зүүнбаян рефайнери” хориодхон метрийн зайд барилгын суурь цутгаж эхлэв.

2017 оны 7-р сарын 27.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу газрын эрх дуусгавар болгосон мэдэгдлийг Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас 2017.07.27-ны өдөр “Зүүнбаян” рефайнери” компанид хүргүүлж, тус компанийн газар ашиглах эрх нэгэнт дуусгавар болсон тул гэрчилгээгээ хураалгаж, онгилсон газрыг нөхөн сэргээж анхны байдалд оруулан, мэдэгдлийг хүргүүлснээс хойш 90 хоногийн дотор хүлээлгэн өгөхийг даалгасан байна.

Гэтэл уг компани сайдын тушаалыг хэрэгжүүлсэнгүй. Нөгөө талаар Газрын тухай хуулийн 20-р зүйлд зааснаар, нийслэлийн ИТХ ба Засаг дарга мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн газрыг албадан чөлөөлүүлэхээр заасан байдаг учраас хүлээлт үүсчээ.

2018 оны 2-р сарын 23.

Туул голын хамгаалалтын бүсэд баригдсан хууль бус, зөвшөөрөлгүй баригдсан байшин, барилга байгууламжуудыг буулгах тухай Байгаль орчин аялал жуулчлалын А/37 тоот тушаал гарсан тухай мэдээлэл байна. Түүнд “Зүүнбаян” рефайнери” компанийн барилга орсонгүй.

2018 оны 3-р сарын 29.  

Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газар чөлөөлөх тухай БОАЖ-ын сайдын 2018.03.29-ны А/76 тоот тушаал гарчээ. Түүнд 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр орсон.

Энэ хугацаанд “Зүүнбаян” рефайнери” компани барилгын хашааг томруулан, мөн гаднаас юу ч харагдахгүй байхаар барьж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнуудыг оруулахгүй, бас ямар нэгэн мэдээлэл өгөхгүй болжээ.

2018 оны 4-р сарын 10. 

УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг болж Туул голын асуудлыг хэлэлцээд “Зүүнбаян” рефайнери” компанийн барилгыг 6-р сарын эхний долоо 7 хоногт шийдвэрлэх үүрэг өгчээ.

Уг хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл нь парламентын сайтад тавигдаагүй хэвээр байна.

2018 оны 4-р сар.

Барилгын ажил үргэлжилсээр байв.

Уг газрын зөвшөөрөл жилийн өмнө сайдын тушаалаар цуцлагдсан төдийгүй тухайн компани нийслэлээс батлагдсан зураг төслийн дагуу улаан шугам татаж ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө бол албан ёсоор аваагүй, бас анх олгосон газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, тухайн газраасаа хэтрүүлж буюу гол руу шахаж батлагдсан эскиз зурагны гадна талд ингэж үйл ажиллагаа явуулсан зэрэг нөхцөл байдал тодорхой болов. Тухайлбал, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга Эрдэнэтуяа: Манайх барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгодог. Гэтэл өнөөдрийн байдлаар бидэнд “Зүүнбаян рефайнери” компани дээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй. Материал ирүүлээгүй. Тухайн үед манайхаас төлөвлөлтийн даалгавартай байна, эскиз зураг нь батлагдсан байна. Манайд хандаад эхлэх зөвшөөрөл аваад ажлаа хийх ёстой. Барилгын тухай хуулинд тэгэж байгаа…” хэмээн сурвалжлагчид ярьжээ.

2018 оны 4-р сарын 20. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Зүүнбаян рефайнери” компанийн барилгын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Сүүлийн үед маргаад байгаа тэр Богд хан ууланд байгаа барилга нураахтай холбоотой асуудал байна. Гурав дөрвөн баримт бичгийн бүрдэл дутуу мөртөө нэг газар ашиглалтын гэрчилгээ гарсныгаа үндэслээд энэ минийх гээд ингээд яваад байдаг. Хууль бусаар барилга барьдаг. Энийг нь нураана, энийг нь шахаж шаардана гэж байгаа” гэж бөөрөнхийдүү хариулав.

2018 оны 4-р сарын 25.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос А.Сүхбат гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, Туул голыг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлснийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн байна.

Энэ өдөр УИХ-ын гишүүн А.Сүхбат сэтгүүлчдийн асуултанд ингэж хариулахдаа,

-Голын эрэг дагуу хууль зөрчиж барьсан барилга байгууламжуудыг буулгана гэж ойлгож болох уу?

-Туул голын эрэг дагуу хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах чиглэлээр ажиллах ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өчигдөр /уржигдар/ байгуулагдлаа. Хууль зөрчсөн байгууллагуудын барилга байгууламжийг буулгахаас өөр аргагүй. Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хууль дүрмийг баримталж ажиллах ёстой. Зөвшөөрөлтэй ч гэсэн тэр нь Усны тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байгаа юм. Тиймээс тэдний зөвшөөрлийг цуцлахаас өөр аргагүй. Албан тоот хоёр сарын хугацаанд хэрэгжинэ… Туул голын дагуу барилга барих, хууль зөрчин үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон албан тушаалтнуудад  хариуцлага тооцох асуудлыг холбогдох газруудад нь тавина” гэв.

2018 оны 5-р сар

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын тушаалаар байгуулсан ажлын хэсэг “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Их тэнгэрийн аманд усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсээс дотогш 20 метрт зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулснаас болж учирсан хохирлыг дахин тооцох ажлыг гүйцэтгэв. Энэ хүрээнд 2018.05.15-ны өдөр дроноос зураг авалт хийжээ. Үүгээр “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаанаас байгаль орчинд 3,057 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна гэсэн тооцоо гаргасан бөгөөд БОАЖ-ын сайдын 2010.10.29-ны А-333 дугаар тушаалд зааснаар, Улсын тусгай хамгаалалттай газар дээр хохирлыг 3 дахин нугалдаг учраас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ 9 тэрбум 171.0 сая төгрөг болж байна.

2018 оны 4-6-р сар. 

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын захиргааны дарга, ажилтнууд болон хэвлэл мэдээллийн төлөөлөл “Зүүнбаян рефайнери” компанийн барилгын талбайд олон удаа ирж хашааны дотогш нэвтрэхийг оролдсон боловч чадаагүй байна.

Мөн 2018.05.02-ны өдөр УИХ-ын өргөдлийн байгын хорооны дарга М.Оюунчимэг, Байгаль орчны дэд сайд Ц.Батбаяр нар албаны бусад, хүмүүс сэтгүүлчдийн хамт барилгын талбайд орж танилцсан ч тус компанийн ямар ч албан тушаалтан байгаагүй, ирээгүй байна.

2018 оны 6-р сар.

Хууль бус барилгын ажлыг таслан зогсоох ажил хийгдсэнгүй.

Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Бандийн ярьснаар, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29-р зүйлд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар ТХГН-ийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй буюу барилга байгууламжийг буулгах, зогсооход Засаг даргын захирамж гардаг байх ёстой ажээ. Гэтэл Баянзүрх дүүргийн газрын албанаас, “Залаатын аманд газар ашигладаг “Зүүнбаян рефайнери”-гийн газрын эрхийг цуцалсан бичиг ирээгүй” гэсэн ойлгомжгүй хариулт өгөхөөс хэтэрсэнгүй.

2018 оны 5-р сарын 7

БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл 2018 оны 5-р сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахад албан бичгээр ханджээ.

Үүнд, БОАЖ-ийн сайдын 2018.02.23-ны  өдрийн А/37 дугаар тушаал гарсны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж 2018.04.23-ны А/136 дугаар захирамж гарч .. иргэн Б.Дайчинхүүгийн 5 давхар араг бүтээцийг буулгах ажил явагдаж байна. Гэтэл Их Тэнгэрийн амны замын зүүн талд “Зүүнбаян рефайнери” ХХК голын бургас модыг ихээр сүйтгэн, Усны тухай хууль зөрчин барилга барьсаар байна. Байгаль орчин, аялал жуулчлын яамны зүгээс тус компанийн газар ашиглах эрхийг 2018.06.20-ны А/177 (2017 гэснийг буруу бичжээ, Яагаад?  ) тушаалаар дуусгавар болгосон боловч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар, хууль зөрчсөөр байна. Энэ үйлдлийг таслан зогсоож байгаль орчныг нөхөн сэргээх, газар чөлөөлөхөд хамтран ажиллахыг хүсье гэжээ.

Хариуд нь Баянзүрх дүүрийн Засаг дарга Т.Баясах, анх Байгаль орчны яам зөвшөөрөл өгсөн. Одоо албадан чөлөөлөх болохоор манайх руу хандаж байна. Газар өгөх болохоор өөрсдөө өгчихөөд асуудал үүсэхээр бид тэрийг нь цэвэрлэх байж болохгүй гэж амаар хариу өгсөн мэдээлэл бий.

БОАЖЯ-ын Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал тайлбарлахдаа, одоо манай дүүргийн Засаг дарга захирамж гаргаад өгчих юм бол цагдаагийн байгууллагатай, хамгаалалтын захиргаатай хамтраад зохион байгуулах бүрэн боломжтой… Газрын тухай хуулт дээр дүүргийн засаг дарга захирамж гаргана гээд байж байгаа. Энэ бас цагдаагийн байгууллагын үүргийг тодорхой заасан байгаа. Бид бас хүсэлтээ явуулсан. Үнэхээр тухайн шатны засаг дарга тэгэж байгаа бол бидэнд боломжгүй гэдгээ хууль эрх зүйн хүрээнд гаргаад өгчих хэрэгтэй. Энийг нь бид тухайн шатны дээд засаг дарга буюу нийслэлийн засаг даргад хандаад цаашдаа яах арга хэмжээг авах бүрэн боломжтой гэжээ.

2018 оны 6-р сарын 6. 

БОАЖЯ-наас 2018.06.06-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарт албан бичгээр хандаж “БОАЖ-ийн сайдын 2017.06.20-ны А/177 тоот тушаалаар “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн тул уг аж ахуйн нэгжийн батлагдсан эскиз зургийн даалгаврыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

2018 оны 6-р сар.

Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анар “Зүүнбаян рефайнери” компанийн асуудлаар сэтгүүлчдэд тайлбар хийв.

-Газрын асуудал дээр үндэслэж тухайн байршил дээр нарийвчилсан үнэлгээ хийгдээд барилгын зөвшөөрөл олгогддог. Энэ зөвшөөрөл нь газар нь цуцлагдсан бол зөвшөөрөл нь дагаад хүчингүй болно гэсэн үг. Газаргүй юман дээр ямар барилга барих зураг бол баригдахгүй ш дээ, тэртээ тэргүй газраа дагаад л явна. Тийм утгаараа манай дээр Байгаль орчны яамнаас 6-р сарын 6-нд тухайн компанийн газар ашиглах эрхийг эрхийг цуцалсан гэсэн мэдэгдэл ирсэн. Манай захиргааны удирдлагын зөвлөлөөр бол манай байгуулагын удирдлагын зөвлөлөөр ороод асуудлыг хууль журмынх нь дагуу шийднэ гээд дүгнэлт нь гарсан байгаа юм байна. Эргүүлээд манайхаас албан ёсоор бичиг нь явж байгаа юм байна…

Эндээс үзэхэд Э.Анар дарга “Зүүнбаян рефайнери” ХХК-д аялал жуулчлалын баазын эскиз зургийг таун хаусны хотхоны эскиз зураг болгохдоо Байгаль орчны яамны саналыг шууд дагасан хэрнээ цуцлах болохоороо өөр зарчмаар ханджээ.

Мөн газар чөлөөлөх хүсэлтийг нийслэлийн Засаг даргад бас хүргүүлсэн. Нийслэлийн ЗДТГ-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Нийслэлийн Засаг дарга хоёрт албан бичиг ирсэн байгаа.  Захирамж гаргаж байгаа. Ийм захирамжийн төсөл явж байгаа. Үүнээс өмнө сонсох ажиллагаа хийнэ. Албан чөлөөлөх захирамж гаргахын өмнө хугацаатай мэдэгдэл өгнө” гэжээ.

2018 оны 6-р сарын 27-ны өдөр.

УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хуралдаан болж Туул голын асуудлыг хэлэлцсэний дотор “Зүүнбаян рэйфайнери” компанийн асуудлаар ширүүхэн яриа өрнөжээ. Анхаарал татсан хэсгүүдийг дор сийрүүлэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: . . . Зүүнбаян Рефайнери гэж компанийн ард Амарсайхан гэж хотын иргэдийн Хурлын даргын компани гэж хэвлэлээр гараад байх юм. Би шалгасан бас үнэн юм байна лээ. Тэгээд Батболд дарга энэ хотын захирагч С.Батболд үүнийг газрыг нь захирамж хүчингүй болгож чадахгүй л дээ. Яагаад гэвэл өөрөө огцрох байхгүй юу. Тэгээд нэг нэгнээсээ энэ албан тушаалаасаа энэ хамааралтай нэг нэгнээсээ барьцаалагдсан ийм хүмүүс ард түмний төлөө ажиллаж чадахгүй. Ядарсан хүмүүсийг л дээрэлхэнэ. Задарсан хүмүүсийг та нар байранд нь тавьж чадахгүй. Энэ Өргөдлийн байнгын хороо бүхэл бүтэн ийм асуудал болж, болж, явж, явж байгаад хотын даргынхаа газрыг чөлөөлж чадахгүй бусдыг нь чөлөөлөөд ингээд дуусаж байгаад их харамсаж байгаа…  

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг: . . .  Гэхдээ сая тэр Б.Пүрэвдорж гишүүнтэй үнэхээр санал нэг байна. Зүүнбаян рефайнери гэж компанийн ард бол Амарсайхан дарга ямар ч байсан тэр компанитай холбоотой гэдэг тухай бид нар мэднэ. Бид газар дээр нь очсон. Тэгээд энэ компанийн төлөөлөл Сайнбуян билүү захирал нь гүйцэтгэх захирал нь өнөөдөр манай хуралд оръё гэж хүсэлт тавьсан. Бид нар бол бас хувийн хэвшлийн компанийнхан би мэдээллийг нь сонссоноос хойш өнөөдөр энэ хуралд оруулаагүй. Бид бол аялал жуулчлалын бүс чиглэлээр бол хамтран ажиллахад бол бэлэн. Гэхдээ бас янз бүрийн шалтаг тоочоод байна үүн дээр Байгаль орчин аялал жуулчлалын яам өөрөө ажлаа хийхгүй байна шүү дээ зөвшөөрөл өгсөн гэж яриад байгаа. Тэгэхээр би үүн дээр хэн Д.Тогтохсүрэн гишүүн асуултаа асуусны дараа маш тодорхой асуулт асууна шүү. Цагдаагийн хүмүүс сууж байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга одоо захирамжаа гаргаад түүнийг нь одоо зогсоогоод цаашаа явах ёстой байх. Баянзүрх дүүргийн Засаг дарга гарын үсгээ зурж тушаалаа гаргахгүй байна гээд яриад байх юм.

Тэгэхээр би Баянзүрх дүүргийн Засаг даргаас яг түрүүний Б.Пүрэвдорж гишүүний хэлж байгаа тэр Зүүнбаян рефайнери компанитай холбоотой хууль бус 3 давхраас дээшээ барилга бариад байгаа үүнийг яагаад зогсоож чадахгүй байгаа юм бэ энэ хууль зөрчөөд байгаа цогцолборыг зогсооход юу садаа болоод байна гэдэгт надад нэг тодорхой хариулт өгөөч. Баянзүрх дүүргийн Засаг дарга хаанаа сууж байна вэ? Тэр 2 дугаар микрофон дээр солиод суучихдаа. 2 дугаар микрофон дээр сууж байгаа суудлаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын хүн тэр суудлаа солиод өгье. 2 дугаар микрофон.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах: … Баянзүрх дүүрэгт Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны дарга Дуламсүрэн даргаас бичиг ирсэн байгаа. Энэ бичиг дээр болохоороо аялал жуулчлалын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А121 тоот тушаалаар манай дүүргийн нутаг дэвсгэр дээр байгаа зарим байгууллагуудын юуг цуцалсан ийм бичиг ирсэн байгаа. Энэ жагсаалтад саяын дурдсан байгууллага бол байгаагүй. Дараа нь дахиад 5 сарын 17-нд төрийн нарийн бичгийн дарга Цэнгэл даргаас нэг бичиг ирсэн. Үүн дээр бас байгаагүй. Үүн дээр өөр компанийн нэр байгаа. Яг тэр компанитай холбоотой бичиг ирэх юм бол одоо газар чөлөөлөх ажлыг эхлэхэд бол одоо бэлэн байгаа.

М.Оюунчимэг: Баянзүрх дүүргийн Засаг дарга Баясах даргад баярлалаа. Ийм л байгаа байхгүй юу. Одоо би энэ бидэнд болохоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам өгсөн Баянзүрх дүүргийн Засаг дарга тушаал гаргахгүй байгаагаас болоод бид манай ажил зогсоод байна гээд байгаа шүү дээ. Дуламсүрэн даргаа та яагаад өгөхгүй байгаа юм бэ? Батсансар дарга 1 номер.

Ч.Батсансар: Энэ мэдээлэл аягүй алдаатай хүрч байгаад харамсаж байна. Ингэж бас буруу мэдээлэл өгч болохгүй Их Хурлын гишүүдэд. Саяын 2 тоот дотор бол тухайн компанийн нэр байгаа. Бид нар одоо та бүхэнд хуулбарлаад яамнаас дахиад албан бичгийг нь канондоод явуулъя. Одоо бол яг бичгийг нь авчраагүй байна. Ер нь бол саяын тэр тооцсон хоёр Цэнгэл дарга, сайд манай Дуламсүрэн даргаас албан бичиг очсон. Энэ “Зүүнбаян рефайнери” гэсэн ярьснаас бас нэг мэдээлэл өгье гэж бодож байна бас. Энэ бол 2008 оны олголттой ийм газар байгаа. 2008 онд 4 га газрыг бол олгосон юм байна лээ. Тухайн үеийн сайд байсан Шийлэгдамба гуай. Ингээд 2014 онд тухайн газрыг сунгасан байдаг юм. Мөн 2014 оныхоо тухайн жилдээ бас кадастрын цэг дээр ямар тушаалгүйгээр бас талбайн өөрчлөлтүүд хийсэн байгаа юм. Ингээд 2017 онд тус газрыг бол одоо цуцалсан байгаа. 1 дүгээрт бол байгаль орчны үнэлгээ тухайн үед  хийгдсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийгдсэн. Тухайн газар бол тухайн үеийн 2008 оны тусгай зөвшөөрөлтэй. 2014 онд тус газар нь сунгагдсан. Тухайн компани болохоор нийслэлээс батлагдсан зураг төслийн дагуу улаан шугам татаж ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө бол албан ёсоор аваагүй. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан. Дээр нь тухайн сайдын олгосон Байгаль орчны яамны сайдын олгосон газар дээр үйл ажиллагаа явуулаагүй тухайн газраасаа хэтрүүлж буюу гол руу шахаж батлагдсан эскиз зурагны гадна талд ингэж үйл ажиллагаа явуулсан. Энэ нь бол одоо хууль зөрчсөн ийм үйл ажиллагаатай болохоор бид нар тухайн газрыг бол цуцалсан. Одоо газар чөлөөлсөн байгаа.

М.Оюунчимэг: Ч.Батсансар даргаа та өмнө нь нөгөө яг Өргөдлийн байнгын хороо энэ асуудлыг ярилцаж байхад та өөрөө байсан үүрэг даалгавраа авсан. Сая Батболд дарга хэлж байна л даа. Туул голоос урагшаа бол Байгаль орчин, аялал жуулчлалын яам ингээд хариуцдаг. Тэгээд та ярихаараа бид нар хэлдэг тэр голын цаадах нь бидэнд хамаагүй ч гэх шиг зүгээр нэг ойлголт авахаар эсхүл би буруу ойлгосон уу тийм тайлбар өгөөд байх юм. Яг Өргөдлийн байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу тэгэхээр бид нарын хэлээд Туул голын тэр хориотой бүсэд яг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хариуцдаг тэнд Яармагийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх бидний таны өгсөн нэр одоо надад энэ байж байна. Та бол энэ хууль бус энэ аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь цуцалж буулгах ажлуудыг бид хийж байгаа бараг дуусгана гэж хэлж байсан. Яг өнөөдрийн байдлаар хэдэн хашаануудыг буулгасан бэ яг хэд вэ бид нарын нөгөө очиж үзсэн газруудаас, тэгээд Зүүнбаян рефайнери дээр юу болоод байгаа юм бэ? Энэ Баянзүрх дүүргийн Засаг дарга үгүй гээд байна та ингээд байна тэгвэл та нар ямар хилийн чанадад бие биеэсээ хол байгаа биш шууд уулзаад ширээний ард сууж байгаад энэ энийг цуцалъя гээд хамтраад ажиллах бололцоо байхгүй байгаа юм уу та үүн надад нэг хариулт өгөөч. Д.Тогтохсүрэн гишүүний нэрийг асуулт дээр оруулаарай.

Ч.Батсансар: Байнгын хорооныхоо гишүүдийн өгсөн үүрэг даалгаврын дагуу бол бид нар манай холбогдох төрийн байгууллагууд хамтраад хяналт шалгалтууд одоо явуулж байна. Жишээлбэл Мэргэжлийн хяналтын газар байна нийслэлээс бас ажлын хэсэг гарч байна. Хуулийн байгууллагуудаас бас ажлын хэсэгт аваад явж байгаа бид нар. Үе шаттайгаар нь ажлуудаа хийгээд явж байна. Яг буулгасан хашаа гэх юм бол хашааны буулгах дээр бас жаахан ний нуугүй хэлэхэд бас болгоомжтой хандаад байгаа юм. Яагаад одоо буулгах гэхээр буулгах юм бол үүн дээр нөгөө иргэд маань дураараа очоод тэгээд нөгөө хогоо хаядаг машинаа угаадаг хивсээ угаадаг ингээд бас нэг асуудлууд үүсэх гээд байгаа юм. Тийм болохоор бид нар энэ буулгах асуудлаа бол дүүргийн Засаг даргын захирамж энэ тэрийг гаргуулж байгаад ерөнхийдөө бас намар тийшээ бас буулгавал яасан юм бэ гэсэн ийм бас бодлого барьж ажиллаж байна. Түрүүн бас буруу ойлгох шиг боллоо. Би яг тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг хэсгээ ярьсан шүү М.Оюунчимэг гишүүнээ түүнээс бас манай бас ордоггүй гэдэг талаасаа яриагүй.

Энэ бол яг Туул гол тусгай хамгаалалттай газрын хилийн цэст яг одоо Улаанбаатар хотын урдуур урсаж байгаа хэсэг бол орохгүй байна гэдгээ л хэлж байгаа юм би. Тусгай хамгаалалттай газрын хил дотор манай одоо Улсын Их Хурлаар батлагдсан хилийн цэс дотор бол байхгүй байна. Зүгээр манай орчны бүс буюу яг одоо тэр голоороо хиллэж байгаа хэсэг дээр байна. Голын урд хэсэг дээр бол манай сайдын эрх мэдлийн хүрээнд газар ашиглалтууд явагдсан үе үеийн тушаалууд гарсан юм асуудлууд бол байгаа.

Б.Пүрэвдорж: Яасан нь эхэлж асуудаг шүү дээ цагтаа ирсэн нь. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 5 сарын 17-ны өдрийн 10/3285 албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг дарга Баясахт төрийн нарийн бичгийн дарга Цэнгэлийн гарын үсэг зурсан албан бичиг очсон байна. Энэ албан бичиг дээр ямар ч зай авсан зүйл алга. Яг үүн дээр бол Зүүнбаян рефайнери гэж огт алга байна. 2 дугаарт нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 5 сарын 15-ны 596 тоот албан бичгээр Баясах Засаг даргад дарга Дуламсүрэнгийн гарын үсэгтэй 78 компанийн жагсаалт очсон байна.

Б.Пүрэвдорж: Энэ жагсаалт дээр Зүүнбаян рефайнери гэж компани бас байхгүй байна. Дээрээс нь Байнгын хорооны асуудалд оруулж ирж байгаа энэ асуудлын талаарх танилцуулга, М.Оюунчимэг даргаа таны энэ танилцуулга дотор Туул голын эргийн дагуу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл газар ашиглах барилга барих эрхийн зөвшөөрөл олгосон асуудлын талаархи танилцуулга энэ танилцуулга дотор Зүүнбаян рефайнери бас хасагдсан байна. Байхгүй байна 1 ширхэг ч алга байна. Тэгэхээр ер нь бол энэ албан тушаалтнуудын дарга нарын гар бол их урт байна. Байгаль орчны яаманд нөлөөлж байна. Дээрээс нь одоо энэ бүхэл бүтэн Байнгын хороонд хүртэл нөлөөлж байгаа юм уу хаашаа юм тэгээд ер нь бол дарга нь бол эсрэг байр суурьтай байгаад байх юм. Энэ албан бичиг энэ төлөвлөсөн энэ юм дээр нь болохоор тэр рефайнери одоо талаар арга хэмжээ аваагүй байж байхад түүн дээр одоо Их Хурлын гишүүд танилцуулга бичиж өгөхгүй байна гэдэг бол бас асуудалтай гэсэн үг л дээ. Тэгэхээр би түрүүний хэлсэнчлэн ер нь бол за яах вэ тэгээд муусайн ядарсан бизнесменүүд ядарсан иргэдийг сайхан нүүлгэ, задарсан дарга нарыг та нар үлдээ.

М.Оюунчимэг: Б.Пүрэвдорж гишүүний асуултад хариулах уу? 1 дүгээр микрофон.

Ч.Батсансар: Б.Пүрэвдорж гишүүний асуултад хариулъя. Энэ 2 албан бичиг очсон шүү Баянзүрх дүүрэгт. Нэг нь болохоор Шинэхэн группийг захирамж гаргаж өгөөч гэж нөгөөх нь Зүүнбаян рефайнери гэдэг компанийг захирамж гаргаж өгөөч гэж. Цэнгэл даргаас бол 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03/2968 тоот албан бичгээр очсон байгаа. Богд уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 5 сарын 03-ны 544 тоот албан бичиг бас очсон байгаа. Тийм болохоор манай Засаг дарга нар бас мэдээллээ Их Хурлын гишүүдэд зөв өгөөч гэж бас хэлье гэж бодож байна.

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

М.Оюунчимэг: . . Хоёрт нь тэр Зүүнбаян рефайнери дээр жишээлбэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Байгаль орчин, аялал жуулчлалын яам хоорондоо уялдаад тэр арга хэмжээ авах бололцоотой гэж би ойлгож болох уу Баянзүрх дүүргийн Засаг даргаа. Та энэ дээр яаж оролцох вэ? Тэр дээр та надад нэг хариулт өгөөч. Тэгээд энд цагдаагийнхан ч байж байна жишээ нь манай энэ дээр хэв журам сахиулах тал дээр бас цагдаагийнхан маань бас яаж хамтран ажиллах тэр бололцоо байгаа. Бид бас ажлаа хиймээр байна л даа. Шүүх дээр очиход гацаад байгаа нь яг үнэн. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчид бид нар бас хандаад энд ингэж юуг үндэслэж шүүх тэр одоо нөгөө талд хууль зөрчсөн компани дээр гаргаад байгаа юм бэ гэдэг дээр гарын үсэг зурсан шүүгчийг нь бид нар ил олон нийттэй хамтарч байгаад бүх арга хэмжээг нь авна. Одоо шүүх гэхээр тэнд хэн ч үг хэлж болдоггүй тэгээд бүх юм гацдаг гэдэг ойлголт байхгүй. Түүний төлөө бол явна. Олон нийт тэр чигээрээ Улаанбаатарчууд өнөөдөр яг үнэндээ босоход бэлэн байна шүү дээ… Тэгээд Баянзүрх дүүргийн Засаг дарга та одоо яг энэ арга хэмжээ дээр яаж оролцоод тэр Зүүнбаян рефайнерийг зогсоох ийм үйл ажиллагаа нь яахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас танайд бичиг ирвэл та яаж оролцох бололцоотой байгаа юм бэ гээд нэг хариулт өгөөч. 2 номерын микрофон дээр суулгая даа. 

Т.Баясах: Бичиг нь ирэх юм бол үйл ажиллагаа нь бол зогсоох эрх надад байхгүй. Газар чөлөөлөх дээр нь бол захирамж гаргаж оролцож болно. Яг одоо явж байгаа тэр барилгын гэдэг юм уу үйл ажиллагааг нь бол зогсоох эрх нь бол дүүрэгт байдаггүй юм. 

М.Оюунчимэг: Баясах даргаа наанаа сууж бай даа. Та бол хотын Засаг дарга таны хажууд сууж байна. Тэгэхээр газар чөлөөлөх захирамж гаргавал боллоо гээд Байгаль орчин, аялал жуулчлалын яам ярьж байгаа. Танайх тэгвэл өнөөдөр эндээс гараад тэр Батсансар даргаа энэ захирамжаа өгөөд тэр энэ хүн газар чөлөөлөх захирамжийг нь гаргая гэж байна. Барилгыг нь зогсоох нь нийслэл дээр байдаг гээд ярьж байгаа. Тэгэхээр Батболд даргаа та тэр барилга зогсоох дээр танд эрх мэдэл нь яаж байна вэ? 3 дугаар микрофон. 

С.Батболд: Манайх бол барилгын ажлыг нь бол зогсоосон байгаа. Тэр чинь нөгөө барилга эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй байсан учраас барилгын ажил нь одоо зогссон байгаа. Дүүргийн Засаг даргын захирамжаар нөгөө бид нар чинь юу л ямар эрх олгодог вэ гэхээр энд хүчний байгууллагуудыг оролцуулах эрх л олгодог байхгүй юу газар чөлөөлөх захирамжийг нь гаргахаар. Тэр чинь нөгөө Засаг даргын захирамжаар хүчний байгууллагууд очиж хамгаалалт хийх тийм үүрэгтэйгээр оролцдог учиртай. Одоо бол барилга нь бол явахгүй байгаа. Манайх мэргэжлийн хяналтын дарга энд байж байна сая зогсоосон гэж надад мэдэгдэж байна.

М.Оюунчимэг: Яваад байсан даа. Би лав долоо хоногийн өмнө очиход тэнд барилгын ажил явагдаж байсан даа. Цагаанхүү даргаа зогсоосон байгаа юм уу хэзээнээс зогссон юм бэ та нэг хариулт өгөөч. 2 дугаар микрофон. Маш хурдтай явж байгаа анх 2 байж байгаад зогссон байснаа одоо 3, 4 руу орох гэж байх шиг байна. 

Н.Цагаанхүү: Мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомжид нийцсэн асуудлаар нь төрийн бүх байгууллагуудаас өөрөөр хэлбэл барилгын үйл ажиллагаа явуулж байгаа тэр аж ахуйн нэгж тухайн барилга объектыг Барилгын хууль тогтоомж дүрэмд нийцсэнээр бичиг баримтын бүрдлийг хангаж уу үгүй юу гэдэг дээр нь нийслэлийн хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газар, Байгаль орчны яам, Барилгын хөгжлийн төв Байгаль орчны яам гээд бүх газруудаас нь бид  нар баримт бичгийнх нь хүрээнд албан бичгээр аваад нэгтгээд энэ зүйлүүдийг нь багцлаад Байгаль орчны яаманд бол баталгаажилттай бичгээ өчигдөр хүргүүлсэн. Тэгээд хууль тогтоомжийн дагуу бол мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар очоод тухайн одоо барилга байгууламжийг түр зогсоосон. Амралтын болон бусад оройн цагаар энэ нөхөд бас дотор нь орж ажиллаад байгаа юм байна лээ. Цаашдаа бол дахиад энэ барилга байгууламж гадна барьсан хашаа руу нь мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар орох боломж нөхцөл бол сүүлийн үед их бэрхшээлтэй болсон. Бүр төмөр хашаа хаалга барьсан нэг ч хадаасны нүхгүй одоо тэр төмөр хашаа барьсан. Тэгээд тэр зүүн талын хэсэг дээрээ нэг блокон дээр бол саяын өнгөрсөн ням гараг дээр бол тэр дээвэр дээр нь хүмүүс ажиллаж байсан юм байна лээ. Тэгээд мэр сэр бол энэ хүмүүс нь үдэш оройн цагаар өглөө эрт амралтын өдрүүдээр зарим нэг юмнууд дээр ажиллаад байгаа юмнууд харагдаад байгаа. Түүнээс биш мэргэжлийн хяналтын байгууллага бол яг газар дээр нь бол үйл ажиллагаагаа түр зогсоо гэдэг шийдвэрийг нь барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүйг үндэслээд түр зогсоох шийдвэрийг гаргасан байгаа. 

М.Оюунчимэг: Баярлалаа. Өнөөдөр ингээд энэ төрийн институт яг гүйцэтгэх засаглал дээр эрх мэдэл бүхий хийчих бүх байгууллагынхан энд сууж байгаа хэр нь энэ нэг хууль зөрчөөд үйл ажиллагаа явуулж байгаа хашаа бүхий тэр иргэдийн аж ахуйн нэгжүүдийн юмыг зогсоож чадахгүй ийм байгаад байна гэдэг ёстой дэндүү арчаагүй тэгээд энэ нь өөрөө олон нийтэд Монгол төрийн нэр хүндийг унагааж байгаа та бүхэн олон нийтийн сүлжээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байгаа байх. Тэгэхээр Батсансар даргаа та өнөөдөр энэ Хан-Уул дүүргийн Засаг дарга Баянзүрх дүүргийн Засаг даргад тэр бичгээ одоо эндээс гараад өгөөд тэр газар чөлөөлөх захирамжаа гарга. Хот барилгын ажлыг нь зогсоосон юм бол тэр газар дээр энэ цагдаа шүүхтэйгээ хамтарч байгаад одоо үйл ажиллагааг нь болиулъя. Гэхдээ тэр нэгэнт газар олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг угаасаа төрийн бус байгууллагууд тэр Авлигатай тэмцэх газар нь өгсөн байгаа юм байна лээ хүмүүсийг нь. Ямар, ямар тэр нь бол цаашдаа тэр АТГ энэ тэр нь яаж асуудлаа шийдэх нь бол тэдний асуудал байх гэж бодож байна.

2018 оны 6-р сарын.27-ны орой.

МҮОНТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ярилцлага өгөхдөө Өргөдлийн байнгын хорооны хуралдааны талаар нэлээд өөр зүйлийг ярьсан байна.

Сурвалжлагчийн эхлэл: “Зүүнбаян рейфайнери” компани ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, барилгын ажлаа эхлүүлээд удаж байгаа юм. Тэгвэл энэ компанийн удирдлагыг өргөдлийн байнгын хорооны хуралдаанд оролцуулж холбогдох асуудлыг хэлэлцлээ.

М.Оюунчимэг: “Зүүнбаян рефайнери” гэж компани байшин барилгаа зогсооё, харин аялал жуулчлалын цогцолбор маягаараа барихад нь бид хамтарч ажиллая, бид өнөөдрийн байдлаар маш олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа, энийг хэн барагдуулах юм гээд асуудал ярьж байна. Бид хувийн хэвшлийг хохироож болохгүй, харин хууль зөрчиж зөвшөөрөл өгсөн төрийн албан тушаалтнуудад бид хариуцлага тооцно, сайд нь тэр хүмүүстээ арга хэмжээ авч чаддагггүй юм бол сайдад нь, сайд нь өөрөө яахгүй бол бид Ерөнхий сайдад энэ асуудлыг нь тавьж хариуцлагыг ярина гэдгээ ярьсан. Засгийн газрын тэргүүн бол бидэнтэй санал нэг байгаа…

Эрхэм гишүүний ярьснаас үзэхэд, дээрх хуралдаанд компанийн удирдлагыг оролцуулаагүй хэрнээ тэдэнтэй хамтран ажиллах, тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэн төлөх тухай ярьсан мэтээр ойлгогдож байна. Харин хуралдааны тэмдэглэлийг үзэх юм бол тийм зүйл огт яригдаагүй, зөвхөн барилга буулгахыг тойрч хэлэлцжээ. Эндээс хийх дүгнэлт бол, эрхэм гишүүн маань компанийн удирдлагатай тусдаа харилцсан, үүний үр дүнд байр сууриа өөрчилж, тэднийг өмөөрөх хандлагатай болсон нь харагдаж байна.

2018 оны 6-р сар

Энэ хооронд “Зүүнбаян рефайнери” ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Нэхэмжлэлийн утга тодорхойгүй.

Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн шүүх хурал болсон ч эцэслэн шийдэгдээгүй, аль аль тал нь ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байна.

2018 оны 7-р сар.

“Зүүнбаян рефайнери” компанийн барилгын талбайн хашааныхаа хаалганы хажууд “Их тэнгэр” аялал жуулчлалын цогцолбор” гэсэн самбар байршуулав. 50 айлын таун хаус гэдэг нь тодорхой болсон байхад шүү. Бас барилгаа хууль ёсны харагдуулахын тулд “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын хуудас ба эскиз зургийн хуулбарыг оруулжээ. Энэ бол барилгын ажил эхлэх зөвшөөрөл байхгүйгээ халхавчлахыг оролдсон хэрэг юм.

2018 оны 10-р сар

Барилгын ажил улам эрчээ авч одоо ид үргэлжилж байна.

Advertisements

Posted 2018 by baigaliorchin

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: