2017.06.13. Туулын хайргыг хулгайгаар зөөсөөр байна   Leave a comment

Б.ЭНХЗАЯА

Одоогоос хоёр сар гаруйн өмнө Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэвлэлийн бага хурал зарлан Туул голын сав газраас хайрга олборлохыг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Түүний дараахан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мөн ийм утга бүхий мэдэгдэл хийж, туул голын орчмын тусгай зөвшөөрлүүдийг цуцална хэмээсэн. Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр болсон Туул голоос компаниуд олон жилийн турш хайрга, дайрга олборлосоор ирсэн нь байгаль орчны доройтол, усны хомсдлыг бий болгож, нийслэлчүүд тэр дундаа Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Туул тосгоны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөөр байсныг зогсоох арга хэмжээ газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжиллаа.

ШӨНӨ БҮР 70-80 МАШИН ХАЙРГА ЗӨӨВӨРЛӨЖ БАЙНА

Карьерын компаниуд Хан-Уул дүүргийн XIII хорооны газар нутагт олонх нь байдаг. Хориглосон шийдвэр гарах хүртэл нийт 70 гаруй лицензтэй компани Туул голын сав газраас хайрга олборлож байсан. Манай сурвалжлах багХан-Уул дүүргийн XIII хороог өнгөрсөн бямба гаригийн 02:00 цагийн үед зорилоо. Хорооны иргэд карьерууд шөнийн цагаар ажиллаж байгааг ээлжээр хянаж, шаардлага тавьдаг юм байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн албан хаагчид дүүргийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхээр постонд гарч байв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хотын захирагч С.Батболд нарын хориглосон шийдвэрээс гадна Хан-Уул дүүргийн Засаг дарга хүнд даацын автомашинаар тээвэр хийхийг хориглосон захирамжийг гарга­жээ. Цагдаа нар энэ захирамжийг хэрэгжүү­лэхээр зургаан албан хаагч ээлжээр ажилладаг болжээ. Биднийг карьер руу ойртох үед “Тэгш плант”-ынх гэж нэрлэгддэг зам дээр 30 орчим хүнд даацын машин замын хоёр талаар цувран зогссон байв. Хот руу орох чиглэлд хайрга ачсан машин олонх нь. Шөнө бүр хүнд даацын 70-80 машин хайрга зөөвөрлөдөг юмбайна.

Үргэлжлэлийг дор үзнэ үү

ХАЙРГА ЗӨӨСӨН ЖОЛООЧ 8000 ТӨГРӨГӨӨР Л ТОРГУУЛДАГ

Жолооч нар хулгайн зам гаргачихсан. Технологийн замаар яваад Өлзийтийн айлууд дундуур яваад морь тарладаг малчдын урдуур гарч ирээд буцаж хот руу явахдаа “Тэгш плант”-ын замаар тээвэр хийдэг болсныг постонд гарч буй Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн байцаагч, ахмад Ш.Баянзул ярилаа. Тэрээр бас “Карьер ажиллахгүй бол тээврийн хэрэгсэл орж ирэхгүй. Бурууг жолооч нарт өгөх үү, карьерийнханд өгөх үү гэдгээ мэдэхгүй байна. Шөнө бүр 70-80 орчим машин эргэлддэг. Өнөөдөр цөөхөн байна. Одоогоор 25 орчим машин зогсоочихсон байна. Жолооч нарыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1-д зааснаар Засаг даргын захирамж зөрчсөн гээд 8000 төгрөгөөр торгодог. Түүнээс цааш бол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс рүү шилжүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Засаг даргын захирамжид тээвэрлэлт хийхийг хориглоно гэсэн заалт байгаа учраас цагдаагийн байгууллагаас тээвэрлэлтэд л хяналт тавих боломжтой” гэлээ.

Д.Төмөрхуяг: 3-4 КАРЬЕР БАЙНГА АЖИЛЛАЖ БАЙГАА

Хяналтын постоос цааш холгүйхэн яваад шороон замын хоёр талаар энд тэнд гэрэл ёлтойж харагдав. Карьерууд ажиллаж байгаа нь тэр. Хориглосон шийдвэр гарснаас хойш 3-4 карьер тогтмол ажилладаг болсон гэнэ. Тэд бүгд зөвшөөрөлгүй компаниуд болохыг XIII хорооныиргэн Д.Төмөрхуяг хэлж байв. Энд олон жил хайрга, дайрга олборлож, байнгын шороо тоосон дунд амьдрах аргагүй болсноос хорооны иргэд нэгдээд “Шинэ суурьшил эрүүл аюулгүй орчин” төрийн бус байгууллага байгуулан тэмцэж эхэлжээ. Хотын өмнөх даргын үедтэд тэмцсээр хүнд даацын машинууд явдаг гол замын хоёр км орчим хэсгийг хатуу хучилттай болгуулжээ. Гэвч хоёр жилийн дотор тээврийн машинууд явсаар хатуу хучилттай шинэ зам нь эвдэрч энхэл, донхол, шороон замаас ялгарахааргүй болжээ. Төд удалгүй замын баруун талын карьераас нэг машин гарч гэрлээ унтраан зам бууруулан давхив. Хорооны иргэд тэднийг хаагуур, ямар замаар явахыг сайн мэдэх учир мөдхөн араас нь гүйцэж очлоо. Хово машины тэвшнээс дээш хагас метр орчим өндөрт хайрга ачсан нь стандарт зөрчсөн нь илт. Бүр үндсэн тэвшин дээрээ дахин тэвш гагнаад ийнхүү ачжээ. Угтаа ачаатай бол дээгүүрээ хучлагатай явах ёстой. Жолооч залуу бүхээгнийхээ хаалгыг түгжээд, цонхоо хаав. Ямар нэгэн тайлбар хэлэхийг хүсээгүй бололтой. Удтал шалгаасны эцэст цонхоо үл ялиг нээн “Хөх шугам компаниас зам анги руу хайрга тээвэрлэж явна. Та бүхэн хүний амьдралыг бодох хэрэгтэй” гэх мэтээр өөрийгөө хамгаалахыг оролдов. Хайрга олборлохыг хориглосон тухай дуулаагүй гэнэ. Мэдээж түүний тайлбар худлаа болохыг нутгийн иргэд хэлж байв. Тэд “Зам ангиуд шөнийн цагаар тээвэр хийхгүй. Төрийн байгууллага өдрийн цагаар л ажиллана. “Хөх шугам” компаниас хайрга авсан гэдэг нь ч худлаа. Тэднийх буугаад удаж байгаа. Өөр карьераас авчихаад бусад руу чихэж байгаа юм” гэцгээв.

Дуучин С.Вандан: ХАЙРЫН ТУХАЙ ДУУЛЖ ЯВСНААС БИШ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ДУУЛААГҮЙ

Төд удалгүй хотын чиглэлээс дахин нэг машин ирж яваа нь харагдав. Замын зүүн талын карьер руу явж орлоо. Дуучин С.Вандангийн мэдлийн карьер юм байна. Нэлээд хэдэн минутын дараа карьерийн ковш асч явж орсон хово-д хайрга ачиж эхлэв. Үүнтэй зэрэгцэн бид нутгийнхантай явж очлоо. Ковшийн жолооч тоосон шинжгүй хайрга ачсаар хово-г мөдхөн дүүргэчихэв. Зураг хөрөг дараад байгааг харсан хүнд даацын машины жолооч нэг бүсгүйн хамт бууж ирээд уурсаж гарлаа. “Олон машин энд тэндээс ачиж байгаа, ганцхан бид биш. Та нар тэднийг сурвалжлахгүйгээр заавал биднийг ингэх шаардлагагүй. Тэгээд ч хүнд даацын машин шөнийн цагаар тээвэр хийх боломжтой. Тиймээс л тээвэр хийж байна. Хайрга олборлохыг хориглосныг мэдээгүй” хэмээн жолооч залуу уурлангуй ярилаа. Тэд бас л стандартаас хэтрүүлж хайргаа ачаад, хучлагагүйгээр явж одлоо.

Залуу, бүсгүй хоёрын хайрга ачсан карьер Туул голын амин цутгал болсон Бөхөгийн голоос 100 метр хүрэхгүй зайд байрлаж байна. Гавьяат жүжигчин, дуучин С.Ванданг байгаль орчноо доройтуулж Туулын сав газарт карьер ажиллуулж байгааг буруушаасан иргэд уулзахад “Хэдэн хүүхэд, амьдралаа авч явахын тулд ингэж байна. Би хайрын тухай дуу дуулж явснаас биш газар нутгийн тухай дуулаагүй” хэмээн аархсан тухай XIII хорооны иргэнГ.Отгонбаатар ярилаа. С.Вандангийн карьер гурван жилийн өмнөөс ажиллаж эхэлжээ. Туул голын сав газарт, Бөхөгийн голоос хэдхэн метр зайд байрлаж байгаа хэрнээ хориглосон шийдвэрийг үл тоон ийнхүү шөнө болгон тээвэр хийдэг юм байна.

Г.Отгонбаатар: МАЛ БЭЛЧЭЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ, ТАРИА ХИЙЛГЭДЭГ БОЛСОН

XIII хорооны орчмын хөрсийг карьерууд эвдэж гүйцжээ. Карьерууд руу орох зам өдөр бүр өөрчлөгддөг, тэд шөнө болгон ажилладаг учраас өглөө харахад шинэ талбай ухчихсан байдаг тухай иргэд бухимдаж байлаа. Түүнээс үүдэн мал байнга ухсан нүхэнд унаж гэмтдэг, зарим нь үхдэг аж. Биднийг замчилсан Г.Отгонбаатар гэхэд хэдхэн жилийн өмнө энэ карьеруудад есхөн настай хүүгээ алдсан эмгэнэлт явдлыг амссан нэгэн юм байна. Түүнээс хойш байгаль орчноо хамгаалж, дахин олон хүүхэд, хүн эрсдэхээс сэргийлж тэмцэж эхэлжээ. Карьер байнга ажилладгаас агаарт байнгын тоосжилттой. Энэ нь тэр орчмын айл өрхүүд амьдрахад хүндрэлтэй байдгийг иргэд хэлж байна. Мал гэхэд тоосонд дарагдсан өвс идсэнээс харшил, хордлого авч тариа хийлгэдэг болсон. Малын бэлчээр газар ч үгүй болсон тухай тэрээр ярив.

Ийнхүү биднийг тус карьер дээр саатах зуур хэд, хэдэн хүнд даацын машин төв замаас гарч гэрлээ унтраан бусад карьерууд руу явж орсоор байв. Ийм маягаар тэд шөнө бүр 70, 80-уулаа болж нийслэл рүү хайрга тээвэрлэсээр байна.

Усны тухай хуулиар голын сав газар, үндсэн цутгал болсон хэсэгт ашигт малтмал олборлох хориотой. Урт нэртэй хуульд гол нуурын усны урсац бүрэлдэх эх газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Түүнээс гадна Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Эдгээр хууль, салбарын сайд, Хотын дарга, дүүргийн Засаг даргын хориглосон ч карьерууд шөнөөр ажиллаж хулгайгаар хайрга, дайрга зөөсөөр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: