2017.09. Заамарчууд ”Алт -2” хөтөлбөрийг эсэргүүцэж байна   Leave a comment

Ц.Баяр

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “ Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын Төмөстий багийн нутаг Өвөр наймганд ХҮ020880 тоот бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг “ Эрдэнэсийн эрэг” хэмээх уул уурхайн сургалт явуулдаг компанид олгосон байна. Өчигдөр /09.07/ уг хайгуулын тусгай зөвшөөрлийг тус сумын дөрвөн багийн 800 гаруй малчин эсэргүүцэж “Тосон заамар Алт-2 хөтөлбөрийн золиос болох ёсгүй” хэмээн жагслаа. Төмөстий багийн Иргэдийн нийтийн хурлаас 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллагдаж өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, нутгийн зөвлөлдөө хандан эсэргүүцлээ илэрхийлсээр иржээ. Жагсагчид багийн төвөөс Заамарын хөндий, Өвөр наймган, Баян-Уулын орой хүртэл жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тус суманд 1993 онд улс орны эдийн засаг хүнд үед “Алт -1” хөтөлбөр хэрэгжсэн. Тэр үед Заамар сумын иргэд улс орныхоо ирээдүйн хөгжлийг бодож тус хөтөлбөрийг үг дуугүй хэрэгжүүлсэн ажээ. Нийтдээ 90 -ээд мянган га талбайгаас 140 гаруй тонн алт олборлосон нь эдийн засагт сайнаар нөлөөлсөн нь ойлгомжтой. Харин сумын хөгжилд дорвитой нөлөөлж чадаагүй. Иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөө их, малын бэлчээр үгүй болж, 20 гаруй булаг шанд ширгэж Тосон Заамар өнөөдөр шороон заамар болсон гашуун түүх болон үлдсэн. Тиймээс эрүүл үлдсэн жаахан газар нутгаа дахин уул уурхайн золиос болгохгүй гэж тэд ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжиж буй нь энэ. Сумын ИТХ-аас Төмөстий багийн нутагт орших Түмэнгийн дөрөлж нэртэй 5628.5 га, Өвөр наймганы 15541.08 га талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг дэмжихгүй гэсэн тогтоолыг энэ оны гуравдугаар сард гаргаж АМГТГ-т болон Төв аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн аж. Мөн уг газрыг сум, аймгийнхаа тусгай хэрэгцээний газарт авч хайгуулийн тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Сум, баг, аймгийн ИТХ-аас дэмжихгүй гэсэн саналыг хүргүүлсээр атал Өвөр наймганы 15541.08 га газрыг “Эрдэнэсийн эрэг” хэмээх компанид хайгууль хийх зөвшөөрлийг хууль бусаар олгосон нь ийнхүү асуудал дагуулсаар. Заамар сумын малчид “Зуд болдоггүй Бор булан, ган болдоггүй Тосон заамар” хэмээн нутгаа дээдэлж үлдсэн жаахан газраа үр хүүхэд хойч үедээ бүтнээр үлдээхийн төлөө амь биеэ хайрлалгүй тэмцэх болно” гэлээ. Жагсаалын үеэр иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Болормаа: Компанийн нууц эздийг ил болтол нь тэмцэнэ

– Засгийн газраас Заамарт өмнө “Алт-1 “ хөтөлбөр хэрэгжүүлснээр өнөөдөр ямар нөхцөл байдал үүссэн, сум орны хөгжил, ард түмний аж амьдрал дээшилсэн үү гэдэгт судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр “ Алт- 2 “хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв үү гэдэг шийдвэр гаргах ёстой байсан. Хамгийн наад зах нь 1968 онд баригдсан 360 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн байрыг өргөтгөх асуудлыг өдийн болтол шийдэж өгөөгүй. Өнөөдөр 750 гаруй хүүхэд суралцаж даац нь хэтэрсэн. Гэтэл аймгийн тусгай хэрэгцээнд авсан газраас 15.500 га газрыг “ Эрдэнэсийн эрэг” гэдэг гадаад худалдаа, уул уурхайн сургалт явуулдаг компанид өгсөнд бид үнэхээр харамсч байна. Багийн ИНХ, сумын ИТХ, аймгийн хурлаас энэ газар нутагт шинээр уул уурхайн хайгуулийн зөвшөөрөл олгохгүй гэж тусгайлан заалт оруулж өгсөөр байтал нутгийн өөрөө удирдах байгууллагын энэ шийдвэрийг үл тоож зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтан, компанийн нууц эздийг ил болтол нь тэмцэнэ.

Төмөстий багийн малчин С.Эрдэнэцогт: “ Эрдэнэсийн эрэг” гэдэг компанид өгсөн тусгай зөвшөөрлийг цуцалтал тэмцэнэ

-“Алт- 1” хөтөлбөр хэрэгжсэнээр Заамарын ар өвөр хөндий тэр чигтээ сүйтгэгдэж бэлчээрийн газар нутаг үгүй болж, булаг шанд ширгэж , ургамал ногоо нь устсан. Гэтэл дахин “ Алт-2” хөтөлбөрөөр үлдсэн жаахан өвөр хөндийг ухах гэж байгааг малчид бид эсэргүүцэж байна. Ар хөндийн малчид бэлчээрийн газаргүй болж уулын орой дамжиж, өвөр хөндийд ирцгээсэн. Бид дуугүй хүлцэнгүй явсаар газар нутгаа алдаж байна. Тиймээс “ Эрдэнэсийн эрэг” гэдэг компанид өгсөн тусгай зөвшөөрлийг цуцалтал бид тэмцэх болно гэж байв. Тэд энэ сарын 12-нд нийслэлд ирж төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийх юм байна.

Эх сурвалж: http://www.polit.mn

Үргэлжлэлийг дор үзнэ үү. 

    

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: