Archive for the ‘1. Төв аймгийн ЗААМАР сум’ Category

Ж.Батбаясгалан: Өнгөрсөн хугацаанд Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг бүрэн зогсоосон, харин иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвшөөрөгдсөн талбайд  түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох нь эрх зүйн хүрээнд нээлттэй   Leave a comment

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2018.03.06/ хуралдаан 12 цаг 15 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдаанаар тус Байнгын хорооноос гаргасан “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 02, 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн биелэлтийн талаар мэдээлэл сонсов.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдрийн байнгын хорооны хуралдааныг зохион байгуулах болсон талаар тайлбарлахдаа, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, эдийн засаг сэргэхийн зэрэгцээ шинээр баригдах зам, барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байна. Гэтэл иргэн, аж ахуйн нэгжүүд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос гаргасан тогтоолууд түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, дайрга, элс/ олборлохыг хориглосон тогтоол болсон хэмээн шүүмжлэл дагуулж байна. Иймд өнөөдрийн хуралдаанаар тогтоолуудын хэрэгжилтийн биелэлт болоод албаны хүмүүсийн байр суурийг сонсохоор хуралдаж байна гэлээ.

Тэрээр үргэлжлүүлэн, Засгийн газарт чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоолын:

3.Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг зогсоох,

9.Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, 116,5 га талбайд нөхөн сэргээлт хийлгэх,

10.”…түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргаагны байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх” гэж заасан.

Дээрх заалтуудын хэрэгжилтийг сонсох хуралдааныг Өргөдлийн байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож,  УИХ-ын гишүүдийн саналыг үндэслэн 7 заалт бүхий Засгийн газарт чиглэл өгөх тухай 02 дугаар тогтоол гаргасан болно.

Байнгын хорооноос гаргаж байгаа шийдвэрийн гол агуулга нь Туул голын ай сав газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулах, хүний амь нас, мал, амьтан эрсдэх, лицензийн наймаа, бусад хууль бус үйл ажиллагаанаас сэргийлж, хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн болно гэв.

Дараа нь Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл хийв. Тэрээр, 2018 оны 3 дугаар сарын байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын 82 хайгуулын тусгай зөвшөөрлөөс 74 тусгай зөшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийн хувьд 2020, 2021 онууд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон байх хуульд заасан эцсийн хугацаа болно. 2016 онд 4 аж ахуйн нэгж, байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн бол 2017 онд өргөдөл хүлээн аваагүй. Харин 2018 оны 02 дугаар сард 3 аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл ирүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын А/609 дугаартай захирамжийн дагуу Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлэгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон 62 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан болно. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тогтоолуудын хэрэгжилтийн хувьд өнгөрсөн хугацаанд Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг бүрэн зогсоосон, харин иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвшөөрөгдсөн талбайд  түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох нь эрх зүйн хүрээнд нээлттэй гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд, Ё.Баатарбилэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлэхийн сацуу санал хэлж байв.

УИХ-ын гишүүд Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлох асуудлыг бүрэн зогсоохыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу дараагийн хуралдааныг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах санал хэлж байлаа.

Ийнхүү УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдрийн хуралдааныг хааж хэлсэн үгэндээ, гол, мөрний сав газар, хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, хайх ажлыг хориглох, шинээр лиценз олгохгүй гэсэн Өргөдлийн байнгын хорооны тогтоол хэвээр хүчин төгөлдөр байх болно. Харин уулын газруудаас хайрга, дайрга олборлох асуудал хэвээр хүчин төгөлдөр үйлчлэх ба тухайн Засаг захиргааны нэгжийн даргад олгох эрх мэдэл нь хэвээр байгаа. Иймд бүтээн байгуулалтын ажилд тус Байнгын хорооноос гаргасан тогтоол хүндрэл учруулаагүй болно хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

 

2017.09. Заамарчууд “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд хайгуулын лиценз олгож байгааг эсэргүүцлээ   Leave a comment

 

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутаг Өвөр наймганд ХҮ020880 тоот бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэсийн эрэг” хэмээх уул уурхайн сургалт явуулдаг компанид олгосон байна.

Уг хайгуулын тусгай зөвшөөрлийг тус сумын дөрвөн багийн 800 гаруй малчин эсэргүүцэж “Тосон заамар Алт-2 хөтөлбөрийн золиос болох ёсгүй” хэмээн энэ сарын 7-нд нутагтаа  жагссан юм. Төмстий багийн Иргэдийн нийтийн хурлаас 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдаж өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, нутгийн зөвлөлдөө хандан эсэргүүцлээ илэрхийлсээр иржээ.

Үүнтэй холбогдуулан тус Ажлын хэсэгт томилогдсон төлөөлөгчид болон Заамарын малчид, ард иргэд өнөөдөр хэвлэлийн хурал хийж нутгийнхаа төлөө эцсийг нь хүртэл тууштай тэмцэхээ мэдэгдлээ.

ЗААМАР СУМЫН ТӨМСТИЙ БАГ ХУРАЛДАЖ ШИНЭЭР ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ ОЛГОХЫГ ДЭМЖИХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАСАН

ИТХ-ын дарга Ш.Галтбадрах “Монгол Улсын Засгийн газар Алт хөтөлбөр баталсантай холбогдуулж 2017 оны гуравдугаар сард “Заамар суманд шинээр хайгуулын лиценз олгохыг дэмжих эсэх саналаа ирүүлнэ үү” гэсэн талаар албан тоот ирсэн.

Үүнтэй холбогдуулж Заамар сумын Төмстий баг хуралдаж энэ саналыг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Мөн энэ асуудлыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж шинээр лиценз олгохгүй гэсэн шийдвэрийг гаргасан.

Заамар сумын өнөөгийн бодит байдал бол хойд хэсгээрээ уул уурхайн бүс, зүүн талаараа газар тариалангийн бүс, дунд хэсгээрээ уулархаг бүс, зөвхөн өвөр тал нь л малчдын бэлчээр болж байгаа юм.

Малчид маань ингэж шахагдаж амьдарч байна. Заамар сум 260,000 гаруй малтай, 700-аад малчин айл өрхтэй. Тиймээс өвөр талд лиценз олгохыг бид эсэргүүцэж байна. Тууштай тэмцэх болно” гэв.

Хэвлэлийн бага хурлын АУДИО бичлэг сонсох

 

Read the rest of this entry »

2017.09. «Байгаль орчны ажиглалт» мэдээллийн хуудас. №02   Leave a comment

2017.09.08. Малчид “Тосон Заамар шороон Заамар боллоо” хэмээн эсэргүүцэн жагсаж байна   Leave a comment

-АЛТ-2 ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ЮМ БОЛ МАЛЧИД АМЬДРАХ ГАЗАРГҮЙ БОЛНО-

Тосон заамар, Алтан заамар, Шороон заамар боллоо хэмээн Төв аймгийн заамар сумын дөрвөн багийн нийт 800 гаруй малчин жагслаа. Малчин иргэд Тосон заамрыг улс 30 жил ухаж ашиглалаа. Үүний үр дүнд малчид амьдрах орчингүй болж, мал бэлчээргүй боллоо хэмээн бухимдан ийнхүү жагсаал хийхэд хүрчээ. Тэд хэлэхдээ: Алт олборлолоо гээд манай сумд бүтээн байгуулалт өнгө зассан юм ганц ч байхгүй. Харин ч амьдрах орчингүй болсон. Одоо дахин алт олборлох нэрээр төрсөн нутгийг минь бид нараас ямар ч хамааралгүй ухах гэж байна. Үүнийг бид хэзээ ч зөвшөөрөхгүй гэв.
“Малчид Заамар алтны золиос биш”, “Бид эсэргүүцэж байна”, “Бид нутгаа ухуулахгүй” хэмээн уриа барьж, өөрсдөө нэгэн дуугаар “Бид нутгаа үр хүүхэддээ өвлүүлэн өгөх үүрэгтэй” хэмээн хэлж Заамрын хөндийгөөр жагсаж алхсан юм. Мөн малчид улсын албан тушаалтангуудад үгээ хүргэх зорилгоор ирэх долоо хоногт Улаанбаатар хотын төв талбайд тайван жагсаал хийж нутгаа авч үлдэхээр бүх талын арга хэмжээ авахаа хэлж байсан юм.
Учир нь Төв аймгийн Төмстий хоёрдугаар багийн нутаг дэвсгэрийн Түмэнгийн төрөлж хэмээх нэртэй газарт “АЛТ-2” хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ хэмээн нийтдээ 21000 га газарт алт олборлох тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгожээ. Тодруулбал, Түмэнгийн төрөлж хэмээх газарт 5628,5 га газар, Өвөр наймган хэмээх газарт 15541,08 га газарт ашигт малтмалын хайгуулийн зориулалтаар “Эрдэнэсийн Эрэг” ХХК-нд энэ оны долдугаар сарын 27-ны өдрийн XY-020880 тоот зөвшөөрлийг олгосон байна. Гэтэл энэхүү тусгай зөвшөөрлийг Төмстий багийн нутаг Өвөр наймганы 15541,08 га газрыг хайгуулын зөвшөөрөл олгох нь малчдын амьдрах орчин болон мал аж ахуйг хөгжүүлэх боломжийг хааж байна хэмээн тус сумын засаг дарга зөвшөөрлийг цуцлуулах бичиг хүргүүлсэн аж.
Тус аймгийн Заамар сумын Төмстий багийн нутаг нийт 91,000 га газартай бөгөөд одоогоор АЛТ-1 хөтөлбөрийн хүрээнд 15,500 га талбайг ашигт малтмалын зориулалтаар сүйтгэж шороон туйр болгожээ. Гэтэл дахин АЛТ-2 хөтөлбөр хэрэгжих нэрэн дор 21,000 га талбайг алтны хайгуулын нэрээр ашиглахаар болсон байна. Өмнөх АЛТ- хөтөлбөр хэрэгжиж удаан хугацаанд Хайлааст багийн нутаг дэсвгэрийг алт олборлосноор малчин өрхүүд шорооноос зугтан нүүдэллэсээр уулын оройд хүртэл гэрээ барьж амьдарч эхэлсэн аж. Төмстий багийн нутгийн уулын хойд хэсгээр алт олборлосон нэрээр улаан шороонд хутгасан. Харин уулын өвөр хэсгийг дахин ийм болгох гэж байгаад малчид болон нутгийн удирдлагууд энэ оны дөрвөн сараас эхлэн эсэргүүцсээр өдийг хүрчээ. Тэд АЛТ-2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэн УИХ-ын өргөдлийн байнгын хороон, МУ-ын ерөнхийлөгч, тойргоос нэр дэвшсэн УИХ-ын гишүүдэд хүртэл 1000 гаруй малчид иргэдийн гарын үсэгтэй албан бичиг хүсэлтийг илгээсэн байна. Түүнчлэн малчид өөрсдийн санаачлагаар мал болон бэлэн мөнгө хандивлан эсэргүүцлийн үйл ажиллагаанд нэмэр болгон эцсийг нь хүртэл явахаа мэдэгджээ.
Энэхүү алт олборлох тусгай зөвшөөрөл олгосон тус сумын Төстий багийн Нарийн гол, Өвөр наймганы ам, Бор толгойн нутаг дэвсгэрийг хамаран алт олборлолт явуулахаар зэхжээ. Яг энэ хэсэг газар нутаг нь Зуд болдоггүй тосон заамар, Ган болдоггүй бор булан хэмээн нутгийн иргэд ихэд бэлэгдэн машины дугуйн мөр гаргахаас хүртэл халширч хайрладаг нутаг аж. Гэтэл хайгуулалтын нэрээр үзэсгэлэнт сайхан хөндийг ухах гэж байгаад малчид амиараа ч болов хамгаална хэмээн хэлж байлаа.

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

2017.09. Заамарчууд ”Алт -2” хөтөлбөрийг эсэргүүцэж байна   Leave a comment

Ц.Баяр

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “ Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын Төмөстий багийн нутаг Өвөр наймганд ХҮ020880 тоот бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг “ Эрдэнэсийн эрэг” хэмээх уул уурхайн сургалт явуулдаг компанид олгосон байна. Өчигдөр /09.07/ уг хайгуулын тусгай зөвшөөрлийг тус сумын дөрвөн багийн 800 гаруй малчин эсэргүүцэж “Тосон заамар Алт-2 хөтөлбөрийн золиос болох ёсгүй” хэмээн жагслаа. Төмөстий багийн Иргэдийн нийтийн хурлаас 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллагдаж өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, нутгийн зөвлөлдөө хандан эсэргүүцлээ илэрхийлсээр иржээ. Жагсагчид багийн төвөөс Заамарын хөндий, Өвөр наймган, Баян-Уулын орой хүртэл жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тус суманд 1993 онд улс орны эдийн засаг хүнд үед “Алт -1” хөтөлбөр хэрэгжсэн. Тэр үед Заамар сумын иргэд улс орныхоо ирээдүйн хөгжлийг бодож тус хөтөлбөрийг үг дуугүй хэрэгжүүлсэн ажээ. Нийтдээ 90 -ээд мянган га талбайгаас 140 гаруй тонн алт олборлосон нь эдийн засагт сайнаар нөлөөлсөн нь ойлгомжтой. Харин сумын хөгжилд дорвитой нөлөөлж чадаагүй. Иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөө их, малын бэлчээр үгүй болж, 20 гаруй булаг шанд ширгэж Тосон Заамар өнөөдөр шороон заамар болсон гашуун түүх болон үлдсэн. Тиймээс эрүүл үлдсэн жаахан газар нутгаа дахин уул уурхайн золиос болгохгүй гэж тэд ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжиж буй нь энэ. Сумын ИТХ-аас Төмөстий багийн нутагт орших Түмэнгийн дөрөлж нэртэй 5628.5 га, Өвөр наймганы 15541.08 га талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг дэмжихгүй гэсэн тогтоолыг энэ оны гуравдугаар сард гаргаж АМГТГ-т болон Төв аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн аж. Мөн уг газрыг сум, аймгийнхаа тусгай хэрэгцээний газарт авч хайгуулийн тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Сум, баг, аймгийн ИТХ-аас дэмжихгүй гэсэн саналыг хүргүүлсээр атал Өвөр наймганы 15541.08 га газрыг “Эрдэнэсийн эрэг” хэмээх компанид хайгууль хийх зөвшөөрлийг хууль бусаар олгосон нь ийнхүү асуудал дагуулсаар. Заамар сумын малчид “Зуд болдоггүй Бор булан, ган болдоггүй Тосон заамар” хэмээн нутгаа дээдэлж үлдсэн жаахан газраа үр хүүхэд хойч үедээ бүтнээр үлдээхийн төлөө амь биеэ хайрлалгүй тэмцэх болно” гэлээ. Жагсаалын үеэр иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Болормаа: Компанийн нууц эздийг ил болтол нь тэмцэнэ

– Засгийн газраас Заамарт өмнө “Алт-1 “ хөтөлбөр хэрэгжүүлснээр өнөөдөр ямар нөхцөл байдал үүссэн, сум орны хөгжил, ард түмний аж амьдрал дээшилсэн үү гэдэгт судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр “ Алт- 2 “хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв үү гэдэг шийдвэр гаргах ёстой байсан. Хамгийн наад зах нь 1968 онд баригдсан 360 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн байрыг өргөтгөх асуудлыг өдийн болтол шийдэж өгөөгүй. Өнөөдөр 750 гаруй хүүхэд суралцаж даац нь хэтэрсэн. Гэтэл аймгийн тусгай хэрэгцээнд авсан газраас 15.500 га газрыг “ Эрдэнэсийн эрэг” гэдэг гадаад худалдаа, уул уурхайн сургалт явуулдаг компанид өгсөнд бид үнэхээр харамсч байна. Багийн ИНХ, сумын ИТХ, аймгийн хурлаас энэ газар нутагт шинээр уул уурхайн хайгуулийн зөвшөөрөл олгохгүй гэж тусгайлан заалт оруулж өгсөөр байтал нутгийн өөрөө удирдах байгууллагын энэ шийдвэрийг үл тоож зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтан, компанийн нууц эздийг ил болтол нь тэмцэнэ.

Төмөстий багийн малчин С.Эрдэнэцогт: “ Эрдэнэсийн эрэг” гэдэг компанид өгсөн тусгай зөвшөөрлийг цуцалтал тэмцэнэ

-“Алт- 1” хөтөлбөр хэрэгжсэнээр Заамарын ар өвөр хөндий тэр чигтээ сүйтгэгдэж бэлчээрийн газар нутаг үгүй болж, булаг шанд ширгэж , ургамал ногоо нь устсан. Гэтэл дахин “ Алт-2” хөтөлбөрөөр үлдсэн жаахан өвөр хөндийг ухах гэж байгааг малчид бид эсэргүүцэж байна. Ар хөндийн малчид бэлчээрийн газаргүй болж уулын орой дамжиж, өвөр хөндийд ирцгээсэн. Бид дуугүй хүлцэнгүй явсаар газар нутгаа алдаж байна. Тиймээс “ Эрдэнэсийн эрэг” гэдэг компанид өгсөн тусгай зөвшөөрлийг цуцалтал бид тэмцэх болно гэж байв. Тэд энэ сарын 12-нд нийслэлд ирж төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийх юм байна.

Эх сурвалж: http://www.polit.mn

Үргэлжлэлийг дор үзнэ үү. 

Read the rest of this entry »

2017.08. «Байгаль орчны ажиглалт». №01   Leave a comment

2017.08. Төв аймгийн Заамар сумын нутагт үлдсэн ганц рашаан ширгэж үгүй болжээ   Leave a comment

Read the rest of this entry »

2017.07.28. Нөхөн сэргээлт нэрээр ашигт малтмал олборлохгүй байхыг анхааруулав   Leave a comment

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт хандан хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах албан даалгаврыг хүргүүлсэн байна.

Сүүлийн үед уул уурхайн салбарт нөхөн сэргээлт нэрээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа газар авсан аж. Ингэхдээ хуулиа давсан шийдвэрийг орон нутгийн Иргэдийн хурлаас гаргаж байгаа тул хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг энэхүү албан бичигт онцгойлон дурдаж өгчээ. 

2017.07.07 Туул голын онцгой хамгаалалтын бүсэд буюу голоос 50 метрийн дотор алтны үйлдвэрийн драг ажиллаж байна   Leave a comment

2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн, Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ, Мөнх ногоон хас ТББ-ууд, ETV HD телевизийн сэтгүүлч, зураглаач нар Төв аймгийн Заамар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Мөнхжаргал, байгаль хамгаалагч Цэнд-Аюуш нартай хамтран Монросцветмет ХХК-ийн Зэрэгцээ алтны үйлдвэрийн драг Туул голын онцгой хамгаалалтын бүсэд буюу голоос 50 метрийн дотор ажиллаж байна гэсэн иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийв. Драг Туул голоос 50 метрийн доторх зайд ажиллаж байлаа. Драг шөнийн 24 цагаас 4 цаг хүртэл бүрэн хүч чадлаараа ажиллаж бусад цаг удаан горимоор ажилладаг ажээ. Туул голын эргийг тулган драгийн шөнө ажиллах замыг бэлджээ. Read the rest of this entry »

2017.07.03. Төв аймгийн Заамар суманд иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийв   Leave a comment

2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн, Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ, Мөнх ногоон хас ТББ-ууд, ETV HD телевизийн сэтгүүлч, зураглаач нар Төв аймгийн Заамар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Мөнхжаргал, байгаль хамгаалагч Цэнд-Аюуш нартай хамтран Монросцветмет ХХК-ийн Зэрэгцээ алтны үйлдвэрийн драг Туул голын онцгой хамгаалалтын бүсэд буюу голоос 50 метрийн дотор ажиллаж байна гэсэн иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийв. Драг Туул голоос 50 метрийн доторх зайд ажиллаж байлаа. Драг шөнийн 24 цагаас 4 цаг хүртэл бүрэн хүч чадлаараа ажиллаж бусад цаг удаан горимоор ажилладаг ажээ. Туул голын эргийг тулган драгийн шөнө ажиллах замыг бэлджээ.

Гэрэл зургуудыг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

2017.07.03. Заамар сумын бичил уурхайчид хөндөгдөөгүй газарт олборлолт хийж байна   Leave a comment

Нөхөрлөл болон нэгдсэн бичил уурхайчид Заамар сумын Засаг даргатай гэрээ хийн хөндөгдөөгүй газар олборлолт хийж эхэлжээ. Гэтэл шимт хөрсөө тусад нь авч овоололгүй ухаж эхэлжээ. Алтыг нь авсны дараа нөхөн сэргээх ёстойг мэдэхгүй байна. Уурхайн үйл ажиллагааны ямар ч мэдлэггүй энэ олон нөхөрлөлүүдийн замбараагүй олборлолтыг яах вэ, та минь ээ!!!!!!

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

2017.06.19. «ЭКО АЛТАН ЗААМАР» компанийн талбай дээр шөнийн 01:00 цагт хүн дайруулж нас баржээ   Leave a comment

2017.05.30. Төв аймгийн ИТХ-ын тогтоол. Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтанд шинэчлэн авах тухай   Leave a comment

Read the rest of this entry »

2016.10. Туулын усаар Заамар дахь компаниуд алтаа угааж байна   Leave a comment

Африкийн улсууд шиг тун удалгүй Монголчууд усаа худалдаж авдаг болох нь. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын малчдын дүр зураг үүнийг харуулж байна. Алтны шороон ордоороо тэргүүлэгч Тосон Заамар шороон Заамар болжээ. 20 гаруй жил алт олборлосноос болж ирээдүй хойч үедээ нутаг нугаа онгон дагшинаар нь үлдээх боломж өнөөдрийн нөхцөл байдлаас харахад тун хэцүү санагдана. Туул гол Заамрын хөндийгөөр 300 км үргэлжлэн урсдаг. Энэ л голоосоо үеийн үед нутгийн ард түмэн хүн малгүй ундаалж байгалынхаа сайхнаар бахархаж өвөлдөө өнтэй сайхан өвөлжиж ирсэн түүхтэй. Гэвч өнөөдөр алтны гол уурхай болсон Хайлааст багын малчид Туулынхаа усыг уух аргагүй болж ундны усаа 5-10 км зайтай газраас зөөж олон хоног хадгалсан ус хэрэглэж байна. Мөн малаа бэлчээх газар нутаггүй болж уулын оройг бараадан нүүдэллэж явна. Тэдэнд өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн газар үгүй. Мал нь алтны уурхайнуудын ухаж овоолсон шороотой өвс идэж зарим нь үхэж эхэлжээ. Түүнчлэн хүүхэд багачууд нь шороо тоосны харшилтай болж 10 хүүхэд тутмын 7 нь өвчилж байна. Уул овоо шиг овоолсон шороонд хүн амьтан дарагдаж хиймэл нуур, ухсан нүх уруу мал амьтан унаж амь насаа алдсан тохиолдол олон гарчээ. Алт муу мөртэй, арван тамтай гэж өвгөд дээдсийн хэлсэн хэлц үг бий. Энэ үг энэ газарт биелэлээ олж ёстой нөгөө Саран дээрхи амьдрал энд л бий болжээ гэхэд хилсдэхгүй болжээ. “ Хатан Туулаа хамтдаа хамгаалцгаая” уриатай “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “ Ил тод байдал сан”, “ Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ” ТББ -уудын сэтгүүлчид, судлаачид хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд / 10.07,08/ Төв аймгийн Заамар сум, Хайлааст багт ажилласан. Тус сумынхан 20 гаруй жил алт олборлогч компаниуд, байгаль орчинд ээлгүй төр засгийн бодлого шийдвэрийн эсрэг тэмцсээр ирсэн. Өнөөдөр энд байгаль орчин сүйдэж, Туул голын урсгал тасарч бохирдол дээд цэгтээ хүрч хүн амьтанд сөрөгөөр нөлөөлж буй нь олон баримтаар нотлогдож байна. Алтны компаниуд Туул голын урсгалыг өөрчилж ямар ч хяналтгүйгээр гүний усаар хиймэл нуур үүсгэн алтаа угааж байгаа зэрэг хууль зөрчсөн олон үйлдлүүдийг газар дээрээс нь сурвалжиллаа. Энд алтны 22 компани түүнийг дагасан 170 жижиг уурхай үйл ажиллагаа явуулж байна.

Монгол- Орос-Цветментийн охин компани болох “ Зэрэгцээ” гүний усаар алтаа угааж Туул голыг бохирдуулж байна

Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг. Туул голоос гүний ус татаж байгаа нь.

Монгол- Орос-Цветментийн “ Зэрэгцээ” хэмээх охин компани Туулын гүнээс бүдүүн төмөр хоолойгоор цэвэр ус татаж хиймэл нуур үүсгэн алт олборлож байна. Гэвч тус компани усны үнэлгээгээ нэг ч удаа хийлгээгүй. Түүнчлэн ус ашиглах гэрээгүйгээр гүний усыг их хэмжээгээр дур мэдэн ашиглаж байгаа ноцтой зөрчлийг орон нутаг дахь байгаль орчны нөлөөлийн үнэлгээ хийж буй “ Мөнх ногоон хас” ТББ-ынхан илрүүлсэн байв. “Зэрэгцээ” компани ус ашигласаны төлбөрөө 2014,2015 онуудад нэг ч удаа төлөөгүйг орон нутгийн татварын мэдээнээс харагдаж байв. Энэ бүгдэд хяналт тавих үүрэгтэй Байгаль орчны байцаагч, даамал нь бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзаж зугтсан билээ. Зэрэгцээ шиг олон компани гүний усаар алтаа угааж бохирдсон усаа цэвэршүүлэхгүйгээр Туулд шууд цутгаж байгаа тухай нутгийн иргэд ярьж байна.

“Драг” буюу алт олборлогч

Алт олборлож буй Драг.

Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү

Read the rest of this entry »

2016.10. Заамарт зайдалсан алтны компаниудын замбараагүй аяглал… (ETV-ийн “Өнгө төрх” нэвтрүүлэг)   Leave a comment

2014.07. Туул голын голдиролыг өөрчилжээ (Төв аймгийн Заамар сум, Хайлааст баг)   Leave a comment

STRIPE төслийн хүрээнд Туул голын хамгийн их бохирдолтой хоёр цэг сонгосны нэг нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг. Энд алтны уурхайнууд замбараагүй үйл ажиллагаа явуулж, Туул голын голдирол нь ч мэдэгдэхгүй болжээ. Доорх зургаас үзвэл голын салааг хайргаар боосон байж магадгүй байна.

Энд алтны уурхайнуудын газрын хэмжээ улам нэмэгдэж, малчид амьдрах газар нь улам хорогдох болжээ.  Хайлааст багийн Өлийн давааны малчид энэ булагт малаа усалдаг. Гэтэл алтны уурхайн газрын бүсэд орсон тул булагтаа хүрч чадахаа больжээ. Мөн булгийн эхэнд шороо буулгаж, уг булгийг ширгээх аюултай байдалд хүргэсэн байна. Энэ бол мэдээж Туул голыг тэтгэдэг цөөн булгийн нэг юм.